Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн “Стратеги судалгааны хүрээлэн”-гийн дэргэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/ судлалын төвийг байгуулжээ.
Тус төв нь ШХАБ судлалыг Монгол Улсад гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч улс орны ижил төстэй бүтэц, нэгжтэй судалгааны чиглэлээр хамтран ажиллах зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах аж. Ийм бүтэцтэй болсноор судлаачид ШХАБ, түүн дэх Монгол Улсын оролцооны талаарх байр суурь, санал бодлоо солилцож, мэтгэлцэх талбартай болж, ШХАБ-ын хүрээнд зохиогддог олон улсын олон талт арга хэмжээнд судлаачдаа хамруулах боломж бүрдэж байгаагаараа онцлогтойажээ.
Тодруулбал, ШХАБ нь 2021 онд 20 жилийн ойтойгоо золгож байгаа бөгөөд дэлхийн газар нутгийн 23 хувь, хүн амын 43 хувийг хамарч, хамтын ажиллагааны 29 механизм, 36 шинжээчдийн бүлгийг багтаасан, 50 гаруй олон улсын гэрээг баталсан бүс нутгийн томоохон бүтэц болон өргөжжээ. ШХАБ нь ОХУ, БНХАУ, Казахстан, Кыргызстан, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан гэсэн 8 бүрэн эрхт гишүүн, Афганистан, Беларус, Иран, Монгол дөрвөн ажиглагч улс болон яриа хэлэлцээний Азербайжан, Армен, Камбож, Балба, Турк, Шри Ланк гэсэн зургаан түнштэй. Монгол Улс ШХАБ-ын анхны ажиглагч орон юм.
Сонирхуулахад, 2021 оны зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ҮАБЗ-ийн “Стратеги судалгааны хүрээлэн”-гийн захирлаар Н.Энхбаярыг томилсон ч, тэрээр тус албан тушаалаас татгалзсан гэдэг.