Сангийн яам ЗГ-ын хэмнэлтийн горимыг үл тоомсорлож, 110 жилийн ойн 1000 ширхэг тэмдгийг 66 сая төгрөгөөр хийлгэх тендер зарлажээ

Сангийн яам ЗГ-ын хэмнэлтийн горимыг үл тоомсорлож, 110 жилийн ойн 1000 ширхэг тэмдгийг 66 сая төгрөгөөр хийлгэх тендер зарлажээ

Монгол Улсын Засгийн газрын энэ оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүлсэн.

Энэ дагуу, үр ашиггүй зардлыг бууруулж, зардлыг тэвчих замаар батлагдсан төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэх, цалин хөлс нэмэх, шагнал урамшуулал олгохгүй байх, Засгийн газрын шийдвэр гарснаас бусад тохиолдолд нийтээр тэмдэглэх баяр ёслол, салбарын өдөр, нэрэмжит болон тэмдэглэлт ой, урлаг, спортын наадам, тэмцээн зохиохгүй байх,  олон нийтэд зайлшгүй мэдээлэх хууль тогтоомж, албан ёсны шийдвэр, хэрэгжилтийг хүргэхээс бусад зорилгоор байгууллага, хамт олноо сурталчлах, баримтат болон олон ангит кино зэргийг хийхгүй байх, цаасан мэндчилгээ илгээх, бэлэг, дурсгалын зүйлс бэлтгэх, аливаа арга хэмжээг ивээн тэтгэхгүй байх зэргийг үүрэг болгосон байдаг.

Гэтэл Сангийн яам энэ сарын 29-ны өдөр “Энгэрийн тэмдэг” хийж гүйцэтгэх тендер зарлажээ. Тодотговол, Сангийн яамны 110 жилийн ойн 1000 ширхэг энгэрийн тэмдгийг 66 сая төгрөгөөр хийх нээлттэй тендер зарлажээ. 

Ингэхдээ, “Сайн чанарын ган төмрийг алтлаг өнгөөр бүрж хийнэ” хэмээн заасан байх аж. Мөн “Хүний биед харшлахгүй, өнгө алдалт маш бага, орчин үеийн тоног төхөөрөмжөөр нарийн хийцлэлтэй, өндөр түвшинд үйлдвэрлэнэ” хэмээжээ.

Харин хийцийн хувьд “Энгэрийн тэмдэг нь дугуй хэлбэртэй байна. Дугуй хэсгийн голд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн соёмбыг галын дөлөөр хүрээлүүлж үүрдийн мандан бадрах бадам цэцэг суурьтай хийнэ. Голын хэсгийг гаднах хүрээнээс хөндий хийнэ. Хүрээний дээд хагаст “Монгол Улсын Сангийн яам” гэсэн бичигтэй, хүрээний доод хагаст бэлгэдлийн “110” гэсэн тооны дундуур тууз дээр “1911-2021” гэсэн тоог байрлуулж, 2 талаар тариан түрүү сийлбэрлэж оруулна” хэмээн тендерт тусгажээ. Түүнчлэн “Тэмдгийг бэлэглэхэд тохиромжтой сав, баглаа, боодолтой байна” гэжээ.

Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож буй. Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгох бөгөөд  нийт 150 мянган ширхэг медальд 975 сая төгрөг төсөвлөөд байсан ч Засгийн газрын хэмнэлтийн горимд шилжсэн, цар тахлын нөхцөл зэргээс шалтгаалан хойшлуулах шийдвэр гаргасан билээ.

Гэтэл Сангийн яам 110 жилийн ойгоо хийхээр хэдийнэ төлөвлөж, ойн медальдаа 66 сая төгрөгийг улсын төсвөөс зарцуулахаар ийнхүү тендер зарлажээ. Харин ойн баяртаа хэдэн төгрөг төсөвлөсөн нь одоогоор тодорхойгүй байна.