Энэ долоо хоногт УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болголоо. Учир нь сүүлийн үед зарим нэг гишүүний ёс зүйн асуудлаар УИХ-д гомдол ихээр ирж байгаа аж. Тиймээс дүрмийн хүрээнд хэлэлцэж, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхийг мөн УИХ-ын дарга чиглэл болгож буйгаа мэдэгдсэн юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар ёс зүйн асуудал нь УИХ-д ирж буй гишүүн нь Ц.Анандбазар аж. Түүнийг хүчингийн хэрэгт нэр холбогдсон даруйд “Me Too” хөдөлгөөнөөс эргүүлэн татах асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон холбогдох байнгын хороонд хандсан. Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд Г.Занданшатар уг асуудлаар таг дуугүй байж Б.Бат-Эрдэнэ даргатай Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо гомдлын хүрээнд нэг ч хуралдалгүй өнөөдрийг хүргэсэн юм.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар уг асуудлаар хуралдах чиглэлийг удаан хугацааны дараа гэнэт өгөв. Тэр нь ямар учиртай вэ гэдэг нь ч анхаарал татаж байна. Нэгэнтээ Ц.Анандбазарыг хүчингийн хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Одоо Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд шалгаж буй.
Хэрвээ тус албанаас Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж шалгах шаардлагатай гэж үзвэл ерөнхий прокурорт хүсэлт илгээнэ. Үүний дагуу ерөнхий прокуророос Ц.Анандбазарыг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-д хүргүүлж УИХ 48 цагийн дотор хэлэлцэж шийдвэрлэх юм. Асуудал нэгэнт эндээ тулсан учир УИХ Ц.Анандбазарыг хамгаалаад байх нь өөрсдийг нь муухай харагдуулна. Цаашлаад УИХ-ын дарга Г.Занданшатар ил цагаан дээрх мэдэгдлийг хийсэн нь Ц.Анандбазарын асуудал УИХ-аар орж ирсэн ч хамгаалаад байх шаардлагагүй гэх байр, суурийг илтгэж буйг харуулж байна.