М.Ариунсанаа: Гудамжинд үхэх гэж байсан амьтныг босгоод ирэх мөчид хэцүү бүхэн мартагдаж, хийж байгаа зүйлээрээ бахархдаг

М.Ариунсанаа: Гудамжинд үхэх гэж байсан амьтныг босгоод ирэх мөчид хэцүү бүхэн мартагдаж, хийж байгаа зүйлээрээ бахархдаг

Хашаагаар оруут л хаана ирчхэв гэмээр олон нохой хуцалдаж, тоглож харагдав. Гэнэтхэн “Миний хүү томоотой байна шүү, Эрика тэгж болохгүй, Queen суугаарай” гэх дуу хадав. Энэ бол “UB Shelter” амьтан асрах төвийн үүсгэн байгуулагч М.Ариунсанаа. Биднийг хармагцаа “Өө та нар ирчхэв үү, бид хэд нэг иймэрхүү байдалтай амьдарч байна даа” гэсээр инээмсэглэв.

М.Ариунсанаа бол бүхий л амьдралаа хүний хариуцлагагүй байдлаас болж зовж шаналж буй, эзэндээ гологдон, гудамжинд хаягдсан амьтдыг аварч, хамгаалахад зориулж буй нэгэн. Тэрбээр 2017 онд амьтанд хайртай залуустай нэгдэн “UB Shelter” төвийг үүсгэн байгуулж, өдийг хүртэл олон зуун “амийг” аварсан гавьяатан юм.

ВИДЕО:

-АМЬТАД ХАЙРЛУУЛААД ИРЭХЭЭР ЗАН ААШ НЬ Ч ӨӨРЧЛӨГДӨЖ,
ДУУЛГАВАРТАЙ, ДӨЛГӨӨН БОЛДОГ-

-“UB Shelter” төвийг үүсгэн байгуулж байсан түүхээс яриагаа эхэлье гэж бодлоо?

-Сайн байцгаана уу. Намайг М.Ариунсанаа гэдэг. Одоо 30 настай. Манай байгууллага 2017 оноос олон тооны амьтан асарч хамгаалж эхэлсэн. Түүнээс өмнө цөөн тоогоор амьтан асарч, хамгаалдаг байсан. Миний хувьд багаасаа амьтанд хайртай хүүхэд байлаа. Гудамжинд хаягдсан амьтныг аав, ээжээсээ нууцаар гэртээ оруулж ирээд хооллодог, асардаг тийм л хүүхэд байсан. Энэ зан маань л “UB Shelter” төвийг үүсгэн байгуулахад нөлөөлсөн болов уу. Зовж шаналсан, хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болж хаягдсан, гэмтэж бэртсэн амьтдыг хараад зүгээр сууж чадаагүй. 

Амьтдыг илүү олноор нь аварч, хамгаалах юмсан гэсэн бидний мөрөөдлөөс “UB Shelter” үүсгэн байгуулагдсан даа.

-Одоо хэчнээн тооны амьтад “UB Shelter”-д амьдарч байна вэ?

-Одоо манай төвд 67 нохой, долоон муур амьдарч байна.  Манайх хамгийн ихдээ 90 гаруй амьтантай үйл ажиллагаагаа явуулж байсан.

-Танайх хотоос зайдуу юм. Та амьтадтайгаа хамт амьдарч байна уу?

-Тийм. Одоогоор бүхий л цаг, заваа “UB Shelter”-д зориулж байна. Амьтдаа байлгах өөрсдийн гэсэн газар, өөрсдийн гэсэн байр сууцтай байсан бол хажуугаар нь ажил, төрөл хийх боломжтой байсан байх. Гэхдээ одоо нөхцөл байдал хүнд байгаа учраас яалт ч үгүй эдэнтэйгээ хамт байх шаардлагатай болчхоод байгаа юм.  

"UB Shelter" амьтан асрах төвийн үүсгэн байгуулагч М.Ариунсанаа

-“UB Shelter”-д амьтад яаж ирдэг юм бэ. Хүмүүс өөрсдөө авчирч өгдөг юм уу?

-Манай байгууллагын гишүүд гэмтэж, бэртсэн, хаягдсан амьтан байвал өөрсдөө авч ирдэг. Мөн хүмүүс авч ирж, өгдөг.

-Танай нохойнууд их өвөрмөц нэртэй юм. Та бас миний хүү гэж хүртэл дуудаж байсан?

-Ер нь амьтдаа миний хүү, миний охин гээд л явчихдаг. Анх ирэхдээ жижигхээн нохой, муур байсан болохоор хүүхэд шиг минь л санагддаг юм. Манай амьтад бүгд нэртэй. Бүгд өөр өөрсдийн нэрийг мэддэг. Бүдүүн бөгс гэдэг нэртэй нохой хүртэл бий/инээв/. Бяцханаа гэдэг нэртэй ч маш том нохой бий. 22-ын товчооноос олдсон учраас 22 гэж нэрлэсэн нохой ч бий. Ер нь олдсон газар, сонин содон шинж тэмдгээр нь бид нэрлэчихдэг юм.

-Хаягдсан, эсвэл олны хэлдгээр “гудамжны” гэх эзэнгүй нохой, муурнууд гэрийн тэжээмэл амьтадтай харьцуулбал зан ааш нь илүү догшин байдаг гэж хүмүүс боддог. Танай төв амьдыг сургах чиглэлээр яаж ажилладаг вэ?

-Амьтад яг л хүмүүстэй адил янз бүрийн зан, авиртай байдаг. Хүнээс ямар өөр, өөр төрлийн зан араншин гарна, түүнтэй яг л адилхан уурлана, баярлана, бүр гомдоно. Тэр болгонтой тулж харьцана, чин сэтгэлээсээ хайрлана, хооллож, ундална, халамжилна. Ингээд ирэхээр зан ааш нь өөрчлөгддөг. Хүнд төгс итгэнэ. Бас хүнийг эргээд хайрлана. Хайрлуулсан амьтан дөлгөөн, дуулгавартай болоод ирдэг.

Нохойнууд эхэндээ орчиндоо дасаагүй байдаг тул уяхаас өөр аргагүй байдаг аж

-ХАЙРТАЙ АМЬТАН МААНЬ ҮРЧЛҮҮЛЭЭД ЯВСАН Ч ДАХИАД Л ХАЯГДАХ ТОХИОЛДОЛ ЦӨӨНГҮЙ ГАРЧ БАЙСАН. ТИЙМЭЭС ТУХАЙН ХҮНИЙГ МАШ САЙН СУДАЛДАГ-

-“UB Shelter”-д ирээд хамгийн их удаж байгаа ямар амьтан байдаг вэ. Хэр хугацааг өнгөрүүлж байна?

-Энэ бүхнийг эхлүүлэхэд л бидэнтэй хамт байсан долоо орчим настай нохой бий.

-Нохой, муурын дуу чимээнээс болоод хүмүүс гомдол гаргаж, урьд нь хэд хэдэн удаа нүүж байсан гэж сонссон. Энд ирээд хэр удаж байна?

-Бараг нэг жил өнгөрч байна. Бидний хамгийн удаан суурьшсан газар байх шүү. Нүүдлийн амьдралд маш олон бэрхшээл тулгардаг. Нэг газраа хөөрхөн төвхнөж байтал хүмүүс гомдол гаргаж, хөөгдөнө. Мэдээж зөвхөн өөрсдийгөө бодоод байж болохгүй учраас нүүхээс өөр аргагүй. Одоогийн байрлаж буй газрын маань ах их сайхан сэтгэлтэй, биднийг маш сайн ойлгож дэмждэг хүн байгаа юм. Тэр ах байгаагүй, бид өөр хөндлөнгийн газар байсан бол аль хэдийн хөөгдчихсөн байгаа байх.

-Амьтдыг хооллож, ундлахад хэр хэмжээний зардал гардаг вэ. Танай төвийн залуус ажил хийж, өөрсдөө зардлаа олдог гэж сонсож байсан?

-Тийм. Жижиг сажиг зүйлсээс эхлээд маш их зардал гардаг. Өмнөх жилүүдэд бид ажил хийж олсон мөнгөө бүгдийг нь амьтдаддаа зориулдаг байсан. Харин сүүлийн жилүүдэд амьтанд хайртай залуус, нас насны хүмүүс хоол хүнсний тал дээр харамгүй тусалдаг болсон. Зардлын тухайд том амьтдаа өдөрт нэг удаа цадтал хооллоно. Ялангуяа хүйтний улиралд тогтмол бүлээн хоолоор хооллох шаардлагатай болдог. Өдөрт 200 литр хоол чанаж өгдөг.

Уг нь 40 орчим кг зориулалтын хоол байхад нэг өдөр бүх амьтдаа хооллочихно. Байнга зориулалтын хоолоор хооллоод байх боломж байдаггүй ч хүмүүс их тус дэм болдог. Өдөрт 100 мянган төгрөгийн хоол хүнс өгдөг гэж бодоход сард 3 сая орчим төгрөгийг зарцуулж байгаа юм. Нэмээд түрээс, түлээ, нүүрс гэх мэт бас бус зүйлсийг тооцвол 4 сая орчим төгрөгийн зардал нэг сард гардаг гэж хэлж болно.

-Танайхаас амьтан үрчилж авъя гэж хүмүүс ирж байна уу ?

-Ер нь ирнэ шүү. Амьтдаа үрчлүүлэх тал дээр би маш хашир ханддаг. Хайртай амьтан маань үрчлүүлээд явсан ч дахиад л хаягдах тохиолдол гарч байсан. Тиймээс сайн судалж байж үрчлүүлдэг. Юун түрүүнд тухайн амьтныг чин сэтгэлээсээ хайрлаж чадах уу гэдгийг мэдэхийн тулд уулзаж үзнэ, ярилцана. Гэр бүлийг нь ч судална. Зарим хүн таатай байдаггүй ч үнэхээр тэгэхээс өөр аргагүй.

-Гэмтэж, бэртсэн амьтдад эмнэлгийн туслалцаа үзүүлэх шаардлагатай шүү дээ. Үүнийг яаж шийдэж байна?

-Өөрсдөө эдгээж, эмчилж чадах хэмжээндээ тусламж үзүүлдэг. Харин машинд дайруулж, хүнд бэртсэн, эсвэл аюултай өвчин туссан байвал зайлшгүй мал эмнэлгээс тусламж авна.

Мөн үржил хаалгах мэс ажилбарыг мал эмнэлгийн байгууллагуудад хийлгэнэ. “Азтай савар” ТББ-ын хамт олонд маш их баярлаж явдаг. Бидэнд энэ тал дээр их тусалж байсан. Одоо манай амьтдын 90 гаруй хувь нь үржлээ хаалгасан байгаа.

"UB Shelter"-д одоогоор 70 гаруй амьтан амьдарч байна

-ӨӨРСДИЙН ГЭСЭН ГАЗАРТАЙ, ТЭР ГАЗАРТАА ЗОВЖ, ХҮНД БАЙДАЛД ОРСОН АМЬТДАД ТУСАЛЖ ЧАДАХААР АСРАМЖИЙН ГАЗРЫГ БИЙ БОЛГОХ МӨРӨӨДӨЛТЭЙ-

-Та ажлаасаа хүртэл гараад бүх цаг заваа амьтдад зарцуулж байна. Гэр бүл тань үүнийг яаж хүлээж авдаг вэ?  

-Мэдээж сэтгэл дотор гэр бүл маань амьтдаас дээгүүр байгаа шүү дээ. Бүхий л цаг заваа гэр бүлдээ зориулмаар байв ч амьтдын төлөө надад хийх зүйл их байна. Бас зорьсон зорилго, мөрөөдөл байна. Зорилго тавьсан цаг хугацаа ч байна. Гэр бүл маань дургүйцэх үе бий. Хамгийн их хэлдэг зүйл нь намайг өөрийнхөө эрүүл мэнд, биеэ бод гэдэг. Аргагүй шүү дээ. Хүүхэд нь нохой, мууранд л бүх цаг заваа гаргаад байхаар ямар ч эх хүн дургүйлгэх байх. Гэхдээ нөгөө талаар надад маш их дэм болдог. Ээж маань ирээд шуудайтай хог зөөхөд хүртэл тусалдаг. Зөв талаараа дургүйцдэг ч сэтгэлээрээ үргэлж надтай хамт байдаг даа.

-Та сая мөрөөдөл гэлээ. Мөрөөдлөөсөө хуваалцаж болох уу?

-Айхтар гоё асрамжийн төв гэх нь хаашаа юм. Өөрсдийн гэсэн газартай, тэр газартаа зовж, хүнд байдалд орсон амьтдад тусалж чадахаар асрамжийн газрыг бий болгох мөрөөдөлтэй.

-Нохойнууд зогсоо зайгүй хуцахаар маш их чимээтэй болох юм. Танд ядрах үе гардаг байлгүй?

-Мэдээж ядарна. Гэхдээ хийх зүйл ч асар их учраас ядарснаа нэг их мэдэрдэггүй. Хүмүүс надад “Яана даа чи бараг үхлээ” гэдэг /инээв/. Гэхдээ амьтаддаа хайртай учраас ядрах бол том асуудал юм шиг санагддаггүй. Ер нь нэг их унтдаггүй дээ. Өдөрт 3-4 цаг л унтдаг.

-Заримдаа хийж байгаа зүйлээсээ залхах, шантрах үе гардаг. Танд тийм үе бий юу?

-Нэг ч удаа залхаж, шантарч байгаагүй. Ямар хэцүү юм бэ гэж нэг ч удаа бодож байгаагүй. Гудамжинд үхэх гэж байсан амьтныг босгоод ирэх мөчид бүхий л хэцүү зүйлс мартагдаж, хийж байгаа зүйлээрээ бахархдаг, омогшдог. Амьтдынхаа хөөрхөн байгааг нь харахаар хүртэл ямар их аз жаргалыг мэдэрдэг гэж бодно.

-Монголд танайх шиг амьтан хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хэр их байдаг юм бэ?

-Сүүлийн үед овоо ихсээд байгаа шүү. Хоёр, гурван эмэгтэйчүүд маш тууштай явж байгаа. Тэр хэдийгээ хараад үнэхээр их бахархдаг. Цаашид ч олон болоосой гэж боддог. Амьтдыг насан туршид нь гинжинд хатаах, тамлан зовоох гэх мэт харгислалыг арилгамаар байна. Манай зарим амьтан гинжтэй байгааг та харсан байх. Яалт ч үгүй өөрсдийнх нь газар биш учраас аргагүйн эрхэнд уяатай байлгахаас өөр аргагүй. Тэрнээс биш амьтдыг уяхыг, гинжлэхийг үнэхээр хүсдэггүй.