Сүнсний баяраар дэлхийгээр нэг хэрэн тэнүүчилж буй сүнснүүдийг хооллож, чанга дуу чимээ, хурц галаар хөөн явуулдаг байна

Сүнсний баяраар дэлхийгээр нэг хэрэн тэнүүчилж буй сүнснүүдийг хооллож, чанга дуу чимээ, хурц галаар хөөн явуулдаг байна

Дэлхийн улс орнуудад Сүнсний баярыг аравдугаар сарын 31-нд  онцлон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Гэхдээ "Halloween" буюу сүнсний баяр нь Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад тусгагдаагүй байдаг юм. Тиймээс ч сургуулийн орчинд энэхүү баярыг тэмдэглэхийг хориглосон байдаг.

Энэхүү баярын үүсэл гарвал нь 2000 гаруй жилийн өмнөөс эхтэй бөгөөд эртний Кельтүүдийн үеийн “Samhain” гэх зан үйлтэй холбоотой. Эртний Кельтүүд өвөл эхлэхийн өмнө элдэв муу ёрын сүнс, буг чөтгөрүүд гарч ирдэг гэж итгэн, тэнүүлч сүнснүүдийг зайлуулахын тулд аравдугаар сарын 31-нд галын наадам хийж, элдэв баг, зүүсгэл өмсөн “Samhain” гэх ёслол үйлддг байжээ.

Харин VIII зууны үед III Пап лам Грегори арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг “Бүх хутагтын өдөр” хэмээн тунхаглаж байжээ. Энэ үед уг баяр нь зөвхөн католик шашны лам хуварга, мяндагтнуудын дунд шашны зан үйлийн хэмжээнд дэлгэрч байв. Улмаар X-XI зууны үеэс ард нийтийн дунд өргөн дэлгэрч, баяр ёслолын хэмжээнд тэмдэглэх болжээ. Нэрний хувьд “Halloween” гэдэг нь Hallowe’en буюу “All Hallows Even” гэсэн үгнээс гаралтай, бүгд тэгш тэнцүү тахин шүтэх ёслол гэсэн утгатай юм. Зарим улс оронд “Тахилгын өдөр” гэж тэмдэглэх нь ч бий. Барууны ихэнх оронд энэ баярыг тэмдэглэх бөгөөд нутаг нутгийн ойлголтоор өөр утга агуулдаг байна. Эхэн үедээ шашны зан үйлтэй нягт холбогдож, католик шашны томоохон төлөөлөгчид чухал ач холбогдол өгөн оролцдог байсан энэхүү баяр нь орчин үед хүүхэд залуусын хамгийн дуртай, айдас хүргэм өвөрмөц онцлогтой наадам, зугаа цэнгээн болсон байна.

Сүнсний баярын гол онцлог нь дэлхийгээр нэг хэрэн тэнүүчилж буй сүнснүүдийг хооллож, чанга дуу чимээ, хурц галаар хөөн явуулах юм. Ингэхдээ энгийн хүмүүс сүнсэнд танигдахгүйн тулд янз бүрийн хувцас, аймшгийн баг хэрэгсэл зүүн зүсээ хувилгадаг байна.

Харин Шотландад залуу эрчүүд цав цагаан баг зүүгээд бусад биеэ хав хар даавуугаар далдлан айлуудаар зочилдог гэнэ. “Halloween”-ий баяраар гэрэл гэгээ харанхуйг ялна гэсэн утгаар хар болон улбар шар өнгийн хослолыг бэлгэ тэмдгээ болгодог аж. Энэ үеэр Америк, Лондон зэрэг орнуудад зочилбол цонхоо дээр үеийн маягаар засан чимэглэж, дээр нь маш олон лаа асааж тавьсан айлуудыг хаанаас ч харж болно. Мөн дэнлүү хийж, чимэглэсэн том жижиг хулуунуудыг хаа сайгүй өлгөсөн байхаас гадна хамгийн том хулуу тарьсан хүмүүсийг уралдуулан шагнадаг уламжлалтай.

“Halloween”-ий баярын зоогонд алимыг голчилдог бөгөөд алиман чихэр, алимтай ундаа, алимны нухаш, алимтай бялуунуудыг гэрийн эзэгтэй нар гараа гарган хийнэ. Дээр нь ундаа, хатуу чихэр, янз бүрийн хэлбэр дүрстэй хатуу болон зөөлөн жигнэмэг гээд л чихэрлэг амттанг ихээр хэрэглэдэг аж.

Энэ өдрийг улс орон бүрд өөр өөрөөр тэмдэглэх боловч уламжлал болсон нийтлэг хэдэн тоглоом, зан үйл байдаг.

Тухайлбал, залуус багт наадмын үдэшлэг зохиож, айл өрх, албан газрууд үүдэн дээрээ засч чимэглэсэн хулуун дэнлүү тавьж, гэр орон, гудам талбайгаа аймшгийн маягаар чимэглэж, нар жаргасны дараа хүүхэд багачууд нийлэн хөршүүдээсээ чихэр гуйж, гэр бүлээрээ аймшгийн кино үзэж өнгөрүүлдэг заншилтай.

“Halloween”-ий баярын сонирхолтой тоон баримтаас

* АНУ-ын хүнсний ногоо тариаланчид жил бүр “Halloween”-ий баярт зориулан 680 мянга гаруй тонн хулуу тарьдаг аж.

* АНУ-д “Halloween”-ий баярын урд орой насанд хүрэгчдийн 46 хувь нь хулуу сийлж бэлддэг байна.

* Энэ жилийн байдлаар тус улсад 5-14 насны 41.2 сая хүүхэд “Trick or treat” гэж хэлэн айлын хаалга тогшино.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө