Ирэх долоо хоногийн лхагва гаригийн /2021.11.03/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийслэлийн бүтэц буюу Хотын дарга Д.Сумъяабазарын хариуцдаг газруудын бүтцийн өөрчлөлтийг хэлэлцэж, баталж магадгүй байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар ирэх долоо хоногт амжихгүй бол даруйхан буюу дараагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр бэлтгэж байгаа аж.
-НИЙСЛЭЛИЙН БҮТЦИЙГ ХЭЛЭЛЦЭЖ, ХОЁР ОРЛОГЧИЙГ ТОМИЛНО-
Энэ удаагийн бүтцийн өөрчлөлтөөр зарим газар, хэлтэс, албадыг нэгтгэх, салгах мөн заримыг нэмж байгуулах юм. Түүнээс албан тушаалын халаа сэлгээг олноор хийхгүй гэсэн мэдээлэл байна. Гэхдээ уг асуудлын хүрээнд зарим хэлтсийн даргыг сэлгүүлэн томилохоос гадна Хотын даргын хоёр орлогчийг томилох аж.
Тодруулбал, олон хүнийг нэг дор цуглуулсан “Камертон” хамтлагийн асуудлаас болж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Хотын даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Р.Чингисийн орны хүнийг томилох аж. Түүнээс гадна дахин нэг орлогчтой болохоор хотын шинэ бүтцийн төлөвлөлтөд ороод буй аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хотын дарга Д.Сумъяабазар “Дагуул хот хариуцсан орлогч”-той болно гэв. Д.Сумъяабазарын хувьд үндсэн хоёр орлогч, дөрвөн төслийн удирдагч нийт зургаан төлөөлөгчтэй. Үг бүтэц дээр шинээр нэг орлогчийг томилно гэсэн үг.
Тус хоёр орлогчоор хэн томилогдох нь одоогоор тодорхойгүй ч энэ удаа Засгийн газраас эрх мэдлийнхээ хүрээнд хүн чиглүүлж магадгүй байна.
Нийслэлийн бүтцэд Захирагчийн ажлын алба, Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас эхлээд есөн дүүрэг, хэрэгжүүлэг агентлагууд харъяа байгууллагуудын мөн засвар арчлалтын байгууллагууд нийлсэн 100 гаруй газар багтдаг юм. Эдгээр дээр заримыг нэмж удирдлагуудын түвшинд сэлгэн томилгоо хийх, нэгтгэх, салгах зэрэг зохион байгуулалтыг хийх аж.
Улаанбаатар хотын ойролцоор суурин буюу Налайх, Төв аймаг зэргийг дагуул хот болгохоор төлөвлөн ажиллаж буй. Тэгвэл тус орлогч эдгээр хотыг дагуул хот болгон хөгжүүлэх ажлыг гүйцэтгэх аж.