УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү Засгийн газрын хурлдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ойрын хугацаанд Улсын онцгой комисс, Засгийн газрын барьж ажиллах "Дасан зохицож, даван туулах" стратегийн төлөвлөгөөг танилцуулсан. Энэ хүрээнд иргэдийг вакцины нэмэлт тунд идэвхтэй хамруулах, зарим үйл ажиллагааг үе шаттай нээх, өнөөдрийн түвшинд хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэл болох одоогоор "Улаан", "Улбар шар", "Шар", "Ногоон" гэсэн дөрвөн зэрэглэл бий. Энэ нь вакцинжуулалт хийгдээгүй, халдварын тархалт эхэлж байсан үе, мөн вирусийн халдвартай холбоотой мэдээлэл танигдаагүй буюу шинэ тутам байх үед батлагдсан журам бөгөөд тухайн үед үүргээ гүйцэтгэж дууссан гэж үзсэн.
Иймд цаашид вакцинжуулалттайгаа холбож хүн ардынхаа эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийнхаа байдалтай уялдуулж, тодорхой шинэчлэлт, зохицуулалт хийх шаардлагатай гэж үзсэн. Энэ талаар өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, яаралтай шинэчлэх чиглэлийг Ерөнхий сайд УОК-т өгсөн.
Коронавируст халдварын цар тахал нь анхны дэгдэж байсан хувилбараасаа хэд хэдэн удаа өөрчлөгдөн мутацлагдсан. Гэсэн ч вакцины үйлчлэлд тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Манай улсад тав, зургаадугаар сард Альфа хувилбар тархаж байсан бол наймдугаар сарын сүүл, ес болон аравдугаар сарын давлагаанд дельта хувилбар 90-ээс дээш хувьтай давамгайлж байна. Энэ нь вакцины үйлчлэлийг бууруулж байна.
Түүнчлэн вакцин хийлгэснээс тодорхой хугацааны дараагаар дархлааны түвшин буурч байгаа тухай судалгааны үр дүн бий тул нэмэлт сэргээх тунг хийж эхэлсэн. Манай улсын иргэд өндөр хувьтайгаар дархлаажуулалтад хамрагдсан нь цар тахлын үед зарим үйлчилгээгээ нээх боломжтой болсныг онцолж хэлэх нь зүйтэй.
Эм эмнэлгийн хэрэгслийг татан авах ажлыг шуурхай зохион байгуулж байгаа.
ЭМЯ, ХӨСҮТ, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн судалгаагаар манай улсад дельта хувилбарын оргил үе есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын эхэн үе хүртэл үргэлжилсэн. Одоо халдвар харицангуй буурч эхэлж байна. Гэхдээ хөдөлгөөний эрчим их байгаа тул буурах хурд бага байна. Улбар шараас, шар түвшинд шилжвэл холбогдох журмыг мөн өөрчилнө. Хүн амын 50 хувь нь гуравдугаар тундаа хамрагдсан тохиолдолд шар түвшин рүү шилжинэ" гэв.