ХӨШИГНИЙ АРД: Ирэх сарын 05-н болтол нэгнээ МУУЛАХГҮЙ, ЭВ НЭГДЭЛТЭЙ байя гэж АН-ын бүлгийн гишүүд тохирчээ

ХӨШИГНИЙ АРД: Ирэх сарын 05-н болтол нэгнээ МУУЛАХГҮЙ, ЭВ НЭГДЭЛТЭЙ байя гэж АН-ын бүлгийн гишүүд тохирчээ

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр /2021.10.25/ өглөө хуралдах гэсэн ч ирц нь хүрээгүй тул хуралдаагүй байдаг. Үүнийг зарим эх сурвалжууд, тус намын дотоод зөрчилтэй холбон тайлбарлаж байв. Учир нь Ц.Туваан, Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг АН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлж, УИХ дахь бүлгээс хассан гэж Д.Ганбат саяхан мэдэгдсэн.

-“НАМ ХАГАЛЧХААД, ОДОО БҮЛЭГ ХАГАЛЛАА” ГЭЖ Ц.ТУВААНЫГ ГИШҮҮД НЬ ЗЭМЛЭЖЭЭ-

Тэгвэл өчигдөр өглөө бүлгийн дарга Д.Ганбатынхаа өрөөнд УИХ дахь АН-ын гишүүдийн хурлыг зарласан ч ирц нь хүрээгүй байна. Ингээд өчигдөр үдээс хойш УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн өрөөнд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд цуглаж, цай уунгаа албан бусаар хуралдаж, тодорхой шийдэлд хүрчээ.  Тодруулбал, ирэх арваннэгдүгээр сарын 05-ны өдөр болохоор зарлагдаад байгаа “АН-ын Эв нэгдлийн их хурал”-ыг болж, өнгөртөл нэгнээ муулаад байлгүй, дотроо эв нэгдэлтэй байя гэж тохирчээ. Тус албан бус хуралд АН-ын бүлгээс хасагдсан гэх УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ж.Батсуурь, Н.Ганибал нар ч оролцсон байна.

Энэ үеэр АН-ын зарим гишүүд “нам хагалчхаад, одоо бүлэг хагаллаа” гэж Ц.Тувааныг зэмлэжээ.

Дээрх хурлын талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа мэдээлэл хийхдээ, “Бидэнд ойлголтын зөрүү байсан. Түүнийгээ ярилцаад бүлгийн хурлаа цаашид үргэлжлүүлээд явъя гэсэн шийдэлд хүрсэн. Ямар нэгэн зохион байгуулалтын асуудал хэлэлцээгүй. Бүлгийн хуралд АН-ын 11 гишүүн оролцсон. Нийгэмд үүсээд буй нөхцөл байдал, АН-ын дотор үүссэн нөхцөл байдлыг ярилцаж ойлголцолд хүрсэн. Бүлгийн даргын асуудал огт яригдаагүй" гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, “УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ж.Батсуурь нар УИХ дахь АН-ын бүлгийн даргын албан тушаалд хоорондоо өрсөлдөж, ойлголцолд хүрч чадаагүй тул, Д.Ганбатыг бүлгийн даргын албан тушаалд нь үлдээхээр шийдсэн” гэсэн юм.