МАН-ЫН БҮЛЭГ: Цаашид төмөр замыг концессын гэрээгээр барьж, ашиглах ёстой гэж үзсэн

МАН-ЫН БҮЛЭГ: Цаашид төмөр замыг концессын гэрээгээр барьж, ашиглах ёстой гэж үзсэн

Хуваарийн дагуу өнөөдөр /2021.10.25/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан байна. 

Хуралдаанаар 

1. УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдсон Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг албан ёсоор МАН-ын бүлгийн гишүүнээр бүртгэсэн байна. Ингэснээр МАН-ын бүлэг 62 гишүүнтэй боллоо. 

2. БНХАУ, ОХУ-тай харилцах харилцааны талаар ярилцжээ. Ялангуяа олон жил шийдэгдэлгүй ужгирсан асуудлыг хэрхэн, яаж шийдвэрлэх талаар ярилцжээ. 

3."Төмөр замын бодлого"-д төрөөс баримтлах бодлогод өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна. Засгийн газраас уг асуудлыг нууцын зэрэглэлтэйгээр өргөн барьсан учир хаалттайгаар хэлэлэлцжээ. 

Хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр хөрштэй харилцах харилцаанд тулгарсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл өгсөн. Төмөр зам, шатахууны импорт, нүүрсний экспорт, агаарын тээвэр, хийн хоолой тавих ажлаас гадна олон жил ужгирсан асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж МАН-ын бүлэг үзсэн. 

"Төмөр зам бодлогод төрөөс баримтлах бодлого"-д хоёр асуудал багтаж байгаа юм. Өмнө нь манай улс хэвтээ болон тэнхлэгийн төмөр замын талаар ярьж байгаагүй. 416 км "Зүүн баян"-ийн төмөр зам баригдсан. 267 Гашуунсухайтын төмөр зам баригдаад явж байна. Үүнээс цааш төмөр замыг барихдаа ашиглалтын концессын гэрээгээр баримаар байна. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшил замаа бариад өөрөө ашиглана. Төлбөрөөс санхүүжиж хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг олж авах ёстой. Энэ агуулгаар баруун чиглэлд байгаа авто суурин, Шивээ хүрэн чиглэлийн төмөр замыг бариулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Мөн Чойбалсан, Хөөт, Бичигт чиглэл зүүн чиглэлд тавигдаж байна. Улаанбаатарт Богдхан төмөр зам байна. Үүнийг концессоор барих ёстой. Ингэхдээ төмөр замын бодлогодоо өөрчлөлт оруулна. Өмнө нь баригдсан Гашуунсухайт-Зүүн баян чиглэлийн төмөр зам хэзээ ашиглалтад орох талаар албаныхнаас асуусан. МАН-ын бүлэг "Төмөр зам бодлогод төрөөс баримтлах бодлого"-ыг дэмжихээр шийдсэн" гэлээ. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Улаанбаатар төмөр замын гүйцэтгэх захирлаар Хэрлэнг томилуулахаар ОХУ-ын талд хүргүүлсэн гэсэн мэдээлэл байна. Үнэн үү?

-Тухайлсан хүний талаар яриагүй. Монгол хүнийг хурдан томилуулах талаар ярь гэдгийг бүлгээс хэлсэн. ОХУ орос хүнийг томилох шаардлага тавиад байгаа юм билээ. Манай талаас монгол хүн томилуулах асуудлыг ярь гэдэг чиглэл өгсөн. Хэнийг томилох нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал.

-Эрх баригч нам хил хаалттай байгаа асуудлыг ярьсан уу?

-Энэ асуудлыг ярьсан. БНХАУ-тай тулгамдаж байгаа асуудлын нэг нь яах аргагүй энэ байгаа. Хятад улс ковид гарвал бүх хилээ хаана гэсэн. Тиймээс энэ улсын шаардлагыг дагахаас өөр аргагүй байна. Эрээнд 14 хүнээс халдвар илэрч хилээ хаасан. Шинжилгээ аваад үе шаттай нээнэ гэсэн хариу өгсөн. БНХАУ-д хоёрдугаар сард өвлийн олимп болох учраас дотооддоо халдвар алдахгүй гэдэг хатуу дэглэм барьж байгаа юм байна. БНХАУ-тай хуурай замаар хиллэдэг найман улсад яг ийм зарчим барьж байгаа юм билээ. Өнөөдөр Гадаад харилцаа, Зам тээврийн сайд нарыг бүлгийн хуралдаанд оролцуулж, ярилцсан.