Монголтой хил залгадаг БНХАУ-ын Эзнээ хошуунд халдвар гарсан тул албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлжээ

Монголтой хил залгадаг БНХАУ-ын Эзнээ хошуунд халдвар гарсан тул албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлжээ

БНХАУ-ын Эрээн хот хилээ хаагаад нэлээд удаж буй. Тэгвэл тус улсын хил ойрын хугацаанд нээгдэхгүй бололтой. Учир нь БНХАУ-ын Эрээн хот өнгөрсөн 24 цагт коронавирусийн халдварын хоёр тохиолдол нэмж бүртгэгдэж, нийт халдварын тохиолдлын тоо 12 болсон байна.

Мөн Алшаа аймгийн Эзнээ хошуунд таван тохиолдол нэмэгдсэнээр нийт тоо нь 25 болсон байна. Хөх хотод мөн халдварын хоёр тохиолдол шинээр бүртгэгджээ. Тэгвэл Өвөр Монголын өөртөө засах орон /ӨМӨЗО/-нд халдвар нэмэгдэх болсонтой холбоотойгоор эрх бүхий албан тушаалтнуудыг ажлаас нь халсан талаар Хятадын төрийн хэвлэл болох Global Times сонин мэдээлжээ.

Тодруулбал, Монгол Улстай хиллэдэг Эзнээ хошуунд бямба гарагт зургаан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцсон байна. Энэ хошуунд аравдугаар сарын 17-ны өдөр коронавирусийн халдвар дэгдсэнээс хойш албан тушаалтнууд үр дүнгүй, хойрго ажилласан гэж үзэн орон нутгийн Эрүүл мэндийн комиссын дарга болон түүний орлогч, энэ комиссын өөр нэг ажилтан, гурван цагдааг халсан бол нутгийн эмнэлэг, иргэний хэргийн товчоог хариуцлагад татжээ. 

Мөн Бээжин, Сиань, Шэньси, Ганьшу зэрэг Хятадын бүс нутгуудад хамгийн сүүлд коронавирусийн халдварын дэгдэлт гарснаас хойш албан тушаалтнуудыг шийтгэсэн анхны хот нь ӨМӨЗО-ны Эзнээ хошуу болж байгаа аж. Энэхүү мэдээллээс үзэхэд БНХАУ-ын Эрээн хот ойрын хугацаанд хилээ нээхгүй нь бололтой.