"Улс төрийн албан тушаалтнууд төрийн нэрийг шороотой хутгадаг нь бодит үнэн"

"Улс төрийн албан тушаалтнууд төрийн нэрийг шороотой хутгадаг нь бодит үнэн"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Төрийн улстөрийн албан тушаалтанд тавих шаардлага байх хэрэгтэй. Зарчмын хувьд дэмжиж байна. Харин гаргасан хууль бодит амьдралд хэрэгжиж өнөөдөр тухайн салбар, нийгэмд гараад байгаа тэр гажуудлыг засах нь чухал байна. Өнөөдөр дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг сонгох болоход нийгмээрээ нэг таавар талцал болдог. Учир нь энд хэн нэг дарга, бүлэглэлийн томилгоо явж, хэний ч мэдэхгүй нэг хүн гарч ирээд сайд болчихдог. Энэ нь эргээд төрийн нэрийг шороотой хутгах явдал гардаг нь бодит үнэн. Тиймээс шалгуурыг тодорхой, нарийн зааж өгөх хэрэгтэй. Үүнийг хэрхэн зохицуулах вэ. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Монгол төрийн албыг хашиж байгаа 3600 гаруй улс төрийн албан тушаалтан, албан хаагч байгаа. Монгол Улсын хуулийн түүхэнд эдгээр улс төрийн албан тушаалтнууд ямар нэгэн шаардлага тавьж байгаагүй. Харин төрийн албан хаагчийн шалгуурт бүх зүйлийг нарийн заасан. Төрийг төлөөлж, манлайлж, удирдаж байгаа улс төрийн албан тушаалтнуудад ядаж дээд боловсролтой, туршлагатай, ёс зүйн хэм хэмжээтэй байх, гэмт хэрэгт холбогдож, шүүхээр ял шийтгэл эдлэж байгаагүй зэрэг шалгуур шаардлагыг тавьж байгаа. Мөн улс төрийн томилгоо хийдэг намуудад ч хариуцлагын асуудал яригддаг байхаар зааж өгсөн.