Б.Пүрэвдорж: Эдийн засаг, хөгжлийн яамны сайдаар бяртай, бусад яамаа баздаг УИХ-ын гишүүнийг томилох хэрэгтэй

Б.Пүрэвдорж: Эдийн засаг, хөгжлийн яамны сайдаар бяртай, бусад яамаа баздаг УИХ-ын гишүүнийг томилох хэрэгтэй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу Цахим бодлого, хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжил, бодлогын яам байгуулах асуудлыг хэлэлцээд үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хөгжлийн яам хөгжлийн асуудлаа онцгойлж анхаарах нь зөв. Олон жил Сангийн яам хөгжлийн үүргээ гүйцэтгэж чадахгүй олсон мөнгөө зарцуулдаг л газар байсан. Бидний үед хөрөнгө оруулалтын мөнгийг зарцуулах эрхийг Хөгжлийн яам аваад буруутсан. Яам байгуулахын оронд хөгжлийн асуудал хариуцсан шадар сайд, мэдээллийн технологийн асуудал хариуцсан шадар сайдаа бий болгоод хөгжлийн асуудлыг Ерөнхий сайдтай нийлээд гурван тулгууртай аваад явах хэрэгтэй. Яам байгуулбал тун удахгүй адил зиндааны хоёр сайд хоорондоо хөгжлийн бодлогын асуудал ярина. Тэгэхээр хоёр шадар сайдаа Ерөнхий сайдаас битгий холдуул. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Хоёр яам байгуулах асуудал орж ирж байна. Асуудлаа дутуу боловсруулсан байна. Түүхий байна. Одоо байгаа энэ төслийг хэлэлцэж батлахад төвөгтэй байна. Яамдууд дураараа төсвөө баталдаг. Дураараа бүтээн байгуулалтын ажил хийдэг. Нэгдсэн нэг удирдлага маш чухал. Үндэсний бодлого төлөвлөлтийг улс салбар хоорондын болон бүс орон нутгийн хэмжээнд нэгдсэн бодлогоор хангах асуудлыг одоогийн түвшинд Шадар сайд, Засгийн газрын ХЭГ-ын даргын аль нэг нь хийгээд явах бүрэн боломжтой. Цөөн чиг үүргийн төлөө яам байгуулмааргүй байна. Хэнийг сайдаар тавих юм бэ. Тэр сайд нь ажлаа хийж чадах юмуу. Ажил хийж чаддагүй дарга нар маш их байна. Ц.Нямдорж гуайг туршлагатай, зангаргатай гэж л ЗГХЭГ-ын даргаар тавьсан байх. Ажлаа хийж чаддаггүй дарга нарыг базах ажлыг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танаас хүсээд байна. Энэ асуудлаа яагаад ийм дутуу боловсруулж оруулж ирсэн юм бэ" гэж асуулаа.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: Хариуцлагын асуудалд Ерөнхий сайдад л бүрэн эрх байдаг. Ерөнхий сайд сайд нараа томилж, УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулдаг. Сайд нартай холбогдолтой шүүмжлэл гараад байгаа. Нэг талаас гарахаас аргагүй юмнууд байгаа. ЗГХЭГ-ын даргын тухайд Засгийн газрын ажлын аппарат. Ерөнхий сайд, Шадар сайдын өмнүүр ороод бусад сайд нарыг захираад байх бололцоо муу. Гэхдээ хүндэрсэн үед сайд нартай ярилцаж байгаа. Залуу сайд нарт сайжиртал хугацаа хэрэгтэй байдаг. Цаашдаа ажлаа сайн хийгээд явах байх. Өмнөх бүх Засгийн газрууд дунд энэ Засгийн газар шиг хүнд нөхцөлд ажиллаж байгаа Засгийн газар үнэндээ байхгүй.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Яам байгуулах асуудал дээр шүүмжлэлтэй хандах гэснээ болилоо. Хэдэн санаа хэлье. Эдийн засгийн хөгжлийн яам үнэхээр чухал яам. Төсвөөр дамжуулж томоохон бүтээн байгуулалт хийх боломж бий. Үүнийг хийхийн тулд яам үр бүтээлтэй ажиллах хэрэгтэй. Эхний ээлжид төрийн данхайсан бүтэц, төрийн албан хаагчдын тоог багасгах, төрийн чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх хэрэгтэй. Эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг хангахад нэг тэрбум ам.доллар, нефть химийн болон гангийн үйлдвэрийг төсвийн санхүүжилтээр байгуулах нь зөв.

Эдийн засаг, хөгжлийн яамны сайдаар бяртай, бусад яамаа баздаг УИХ-ын гишүүнийг томилох хэрэгтэй. Намынхаа дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсээс тус яамны сайдыг томилбол яам чадвартай ажиллана.