Ц.Идэрбат: Эхний ээлжинд Төсвийн тухай хуульд анхаарал хандуулна

Ц.Идэрбат: Эхний ээлжинд Төсвийн тухай хуульд анхаарал хандуулна

Нөхөн сонгуулийн үр дүнд УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ц.Идэрбат, Э.Батшугар нар өнөөдөр гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн. Тэд тангараг өргөж, анхны чуулганы хуралдаанд оролцсоныхоо дараа байр сууриа илэрхийлэв.

Ц.Идэрбат: Улс орон, ард түмний эрх ашгийг нэгд тавьж ажиллана

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат "УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, анхны чуулгандаа суулаа. Тангарагийн үгэнд хэлсэнчлэн улс орон, ард түмний эрх ашгийг нэгд тавьж ажиллана. Намрын чуулганаар олон асуудлууд хэлэлцэгдэнэ. 11 дүгээр сарын 15-наас өмнө Төсвийн хуулийг батлах ёстой. Тэгэхээр эхний ээлжинд Төсвийн хуульд анхаарал хандуулна.

Хэнтий аймагт сүүлийн үед хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байна гэж яригдаж байгаа нь үнэн. Гэхдээ уул уурхайгаас гадна аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хүрээнд түүхэн аялал жуулчлал хэмээн Хэнтий аймаг руу хөрөнгө оруулалтууд хуваарилагдсан. Миний хувьд та бүхэнд нээлттэй байна" гэлээ.

Э.Батшугар: Оюутолгойн гэрээнд орж ажиллавал надад туршлага байгаа

УИХ-ын гишгүүн Э.Батшугар "Юуны өмнө надад итгэл хүлээлгэн сонгосон Сонгинохайрхан дүүргийн иргэд, сонгогчиддоо баярлалаа гэж хэлье. Миний хувьд энэ итгэлийг маш том үүрэг хариуцлага гэж харж байгаа. Би энэ итгэлийг ажлын үр дүнгээр хариулна. Би энэ танхимын хамгийн залуу гишүүн юм билээ. Тэгэхээр залуучуудын дуу хоолой болж ажиллана.

Сонгинохайрхан дүүрэг гэр хороолол ихтэй, тулгамдсан олон асуудал байгаа. Миний хувьд энэ бүхнийг үе шаттайгаар гишүүдтэйгээ хамтарч шийдвэрлэнэ гэж хэлмээр байна. Ирцийн хувьд манай тойрог 49 хувь хүрсэн тул энэ бол чамлахааргүй тоо. Оюутолгойн гэрээнд орж ажиллавал надад туршлага байгаа. Тиймээс бүх зүйлээ зориулж ажиллана. МАН МАХН гэхгүйгээр Сонгинохайрхан дүүргийн иргэдийн дэмжлэгтэйгээр УИХ-ын гишүүн болсон гэж ойлгож байгаа. Намрын чуулганаар улсын төсөв хэлэлцэхэд анхаарал хандуулж ажиллаж гэж бодож байна" гэв. 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө