Н.Алтанхуяг: Та нар хэтэрхий их бярдаж байна. Үлдсэн хоёр суудлаа луйвардаад авчихлаа

Н.Алтанхуяг: Та нар хэтэрхий их бярдаж байна. Үлдсэн хоёр суудлаа луйвардаад авчихлаа

Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг УИХ-ын гишүүдээр сонгогдсонд тооцсон СЕХ-ны даргын илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх замаар төрийн эрхийг авдаг болсон. Хэрвээ ард түмний ахуй амьжиргаа, ковид, бүх нөхцөл байдал хүндэрсэн үед хэзээ ч ийм сонгуулийн үр дүн гарахгүй байсан. Тэгэхээр шударга сонгууль Монголд байхгүй гэдгийг нотолж харуулж байна. “Бор халзан” хонь байсан ч гарч байна.

Та нарын хүч хэтэрчихсэн. Юмыг дандаа муухай аргаар, эрх мэдэл, албан тушаалаа нэмэгдүүлж улсыг маань самарна.

Монгол Улсад мөнгөний сонгууль болсон гэдгийг бид зөндөө ярьсан. Мөнгө, тогтолцоо, сүлжээ хэрээс хэтэрлээ. Сүүлдээ Монгол Улс хямарна шүү. Нэг намын дарангуйлал тогтсон. Олон хавар нэгэндээ гэдэг шүү. Та нар хэтэрхий их бярдаж байна. Ард түмний амьдралыг бодохгүй байна. Үлдсэн хоёр суудлаа луйвардаад авчихлаа, ингэж ардчиллыг мөхөөж болохгүй. Ажил хэрэг чинь үндсэндээ зогссон.  Та нар оффшорын мөнгөө оруулж ир л дээ. Та нарт хүч дутаад байна уу, би ойлгохгүй байна. Та нар нэг нэгнээ хаацайлаад байна. Хэчнээн тэрбум ам.доллар оффшорт нууж, түүнийгээ оруулж ирж Монголын төрийг худалдаж авч байгаа чинь нэг л өдөр илэрнэ. Би үзэхгүй байж магадгүй. Бидний үр хүүхэд үзнэ" гэсэн юм. 

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "УИХ-ын 18, 28 дугаар тойргийн санал хураалтын ажил бүхэлдээ хуулийн дагуу явсан гэж СЕХ дүгнэсэн. Хэрэг зөрчлийг цаг тухайд нь шийдвэрлээд явсан" гэв.