Г.Дамдиннямын 2024 оны сонгуулийн шоуны "БАЙ" Дарханы зам байх уу

Г.Дамдиннямын 2024 оны сонгуулийн шоуны "БАЙ" Дарханы зам байх уу

Дарханы замын барилгын ажлын I багцын санхүүжилтийн өртөг 85.43 хувь, ажлын гүйцэтгэл 95 хувьтай, III багцын санхүүжилтийн өртөг 92.72 хувь, ажлын гүйцэтгэл 97 хувь, V багцын санхүүжилтийн өртөг 95.45 хувь, ажлын гүйцэтгэл 99 хувьтай байна.  Харин II болон IV багцын ажлын гүйцэтгэгчийн гэрээг цуцалж, дахин тендэр зарлаж, 2021 оны долдугаар сард сонгон шалгаруулалтыг явуулсан. II багцын гүйцэтгэгчээр “Арж капитал” ХХК-ийг сонгон шалгаруулж, 2021 оны есдүгээр сард гэрээ байгуулжээ. IV багцын гүйцэтгэгчээр “Чайна Жео-Инженеринг” корпораци сонгогдсон ба 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр гэрээ байгуулж, барилгын ажлыг эхлүүлсэн байна. II багцын санхүүжилтийн өртөг 15.2 хувь, ажлын гүйцэтгэл 18.5 хувь байгаа бол IV багцын тухайд санхүүжилтийн өртөг 5.32 хувь, ажлын гүйцэтгэл 7.5 хувьтай байгаа юм байна.

Гэтэл өнгөрсөн хугацаанд II болон IV багцийн замын тендер будилж дахин зарлан хугацаа алдсанаас болж иргэд эд хөрөнгө, амь насаараа хохирсоор байгаа билээ. Мөн байгаль орчин ч ихээхэн сүйдэж буй юм. 

Харин тус замын барилгын явцын ажлыг мэдээлэгч гэх нэрийг өөртөө өгсөн Г.Дамдинням гишүүний хувьд хэсэг хугацаа өнгөрөөд л уг асуудлаар "шоу" хийдэг. Замын ажил дээр очиж лайв хийх, "Дарханы замын гацааг гаргаад санаачлагатай ажиллаж байгаа", "Салбарын сайдыг би шахаж байна" гэх мэтээр хэвлэлд яриа өгсөөр ирсэн. 

Эцэстээ түүнтэй, түүнгүй Дарханы зам ашиглалтад ордгоороо орно. 2022 онд Дарханы замын барилгын ажил дуусна гэж салбар хариуцсан сайд Л.Халтар удаа дараа мэдэгдсэн. Түүний хэлснээр 2022 онд дуусаж ашиглалтад ордоггүй юм гэхэд хэзээ нэгэн цагт орох нь тодорхой. Ажлын явц, санхүүжилтын байдлаас шалтгаалаад барилгын ажил нь дуусах цагтаа дуусах байхад Г.Дамдинням гишүүн оролцож "баатар" болох  гэж оролдох нь үнэхээр зохимжгүй. Энэ бол замын ажил дээр нь очиж лайв хийгээд УИХ дээр хэсэг яриад эсвэл хэвлэлд ярилцлага өгснөөрөө шийдэгддэг асуудал биш юм. Өөрөөр хэлбэл, Азийн хөгжлийн банк болон яам, гүйцэтгэгч компани болон бусад хүчин зүйлээс шалтгаалах ажил. Гэтэл Дарханы иргэдэд сайн нэртэй болохын тулд цаашлаад 2024 оны сонгуулиар "Би зам тавиулсан" гэж ярихын төлөө ингэж идэвх царайлж, увайгүйтэх шаардлагагүй. 

Түүний үйлдлүүдийг харвал 2024 оны УИХ-ын сонгуулиар Дарханд очоод "Дарханы замыг би тавиулсан" гэх нэртэй болохын тулд өөрөөс нь огт шалтгаалахгүй ажилд хошуу дүрж, зэрэгцэж гүйж "жүжиг" тоглож байна уу гэж хардахад хүргэж байна.