ХӨШИГНИЙ АРД: С.Амарсайхан нарын “давхар дээл”-тэй сайд нараа явуулж, шинэ яамдын сайд нарыг сэлгэн томилно гэх мэдээлэл байна

ХӨШИГНИЙ АРД: С.Амарсайхан нарын “давхар дээл”-тэй сайд нараа явуулж, шинэ яамдын сайд нарыг сэлгэн томилно гэх мэдээлэл байна

Засгийн газрын бүтцэд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засаг, хөгжлийн яамыг байгуулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2021.10.20/ хуралдаанаар хэлэлцэж байнгын хороо, чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Уг хуулийн төслийг Засгийн газраас боловсруулан УИХ-д өргөн барьсан бөгөөд ирэх оны төсвийн төсөлд Эдийн засаг, хөгжлийн сайдын багцад 4.39 тэрбум төгрөг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын багцад 1.86 тэрбум төгрөг төсөвлөөд буй юм.

-Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХОЁР ХУВИЛБАР БОДОЖ БАЙНА УУ-

Байнгын хорооны хурлын уур амьсгалаас дүгнэвэл гишүүдийн зарим нь Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулахыг дэмжиж буй бол Эдийн засаг, хөгжлийн яам байгуулахыг шүүмжилж, судалж үзэх шаардлагатай гэх байр, суурийг илэрхийлж буй юм. Энэ нь улсын төсөвт учруулах дарамт, ажил үүрэг, эрх мэдлийн давхардал, үргүй зардал болох вий гэсэн болгоомжлолтой холбоотой.  Ямартай ч шинээр хоёр яам байгуулах асуудлаар ажил хэрэгч шүүмжлэлийг зарим гишүүдийн зүгээс илэрхийлж буй ч цаашид Засгийн газрын бодлогыг дэмжихээс өөр гарцгүй, дэмжээд явуулна гэх мэдээлэл байна.  Сүүлийн үед хоёр яамны сургаар эрх баригч нам дотор өрсөлдөөн эхэлсэн гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдах болов. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Үндсэн хуулийн өөрчлөлтөөс болж УИХ-ын гишүүдээ албан тушаалтай байлгаж чадахгүй үүнээсээ болж өөрөө кабинетаараа шүүмжлүүлж, шахалтад байх болсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  тус хоёр яамны сайдаар хэнийг томилох вэ гэдэгт ихээхэн нухацтай хандаж, гашилгаж суугаа аж. Нөгөөтэйгүүр улс төрийн тохироо, шахалт ч түүнд ирж байж болзошгүй юм.

Ингэхдээ тэрбээр хоёр хувилбар бодож буй тухай мэдээлэл байна.

-НЭГТ, Үндсэн хууль түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуульдаа өөрчлөлт оруулаад шинээр байгуулах хоёр яамны сайдыг парламентаас нэмж сонгох.

Учир нь 2020 оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тус хоёр яамны сайдаар УИХ-ын гишүүнийг томилох боломжгүй. Тус хуулийн өөрчлөлтөөр дөрвөн сайд л  “давхар дээл”-тэй буюу УИХ-ын гишүүн байх боломжтой юм. Тиймээс дахин парламентаас сайдтай болно гэвэл Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаас өөр аргагүй юм.  Үндсэн хууль өөрчлөлт оруулах шаардлагатай гэх байр, суурийг эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар нээлттэй илэрхийлээд буй билээ. Нөгөөтэйгүүр энэ талаар хуульч, судлаачид үүнийг хэрхэн дүгнэж буй нь анхаарал татна. Үндсэн хуулийг өөрчилсөн бол найман жилд дахин оролдоггүй. Үндсэн хуулиар ойр, ойрхон оролдох нь огтоос сайны дохио биш юм.

ХОЁРТ, Танхимынхаа “давхар дээлтэй” хоёр сайдтай хариуцлага тооцож явуулаад бусдыг нь сэлгэн томилж шинэ яамдын сайдыг УИХ-ын гишүүдээс томилж менежмент хийх.

Улс төрийн хүрээнд хариуцлага тооцох хоёр сайдын нэг нь Шадар сайд С.Амарсайхан байна гэх мэдээлэл байна. Түүний хувьд хариуцсан ажил үүргээ хангалттай хийж чадахгүй үргэлж хэл, ам шүүмжлэлд өртдөг. Хамгийн сүүлийн жишээг хэлэхэд халдварын нөхцөл байдал хүндэрч олон хүн нас барсан энэ хүнд үеэр өөрийнх нь хамаарал бүхий хүний обьектод олон хүнийг цуглуулсан урлагийн тоглолт болсон гэж буй.

Засгийн газарт дахин хоёр яам байгуулах талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны нэгдүгээр сард анх мэдэгдэж байсан. Тэрбээр "Яамтай байна гэдэг нь өөрөө бодлоготой байна гэсэн үг. Цахим хөгжлийн яамыг 2021 оны 11-р сард, Эдийн засгийн хөгжлийн яамыг тус тус байгуулна. Эдгээр нь та бүхэнд дэмжлэг болох байх хэмээн найдаж байгаа. Энэ нь зөвхөн Сангийн яамны төсөв мөнгөний бодлого биш, Монгол Улсын нийт эдийн засгийг томруулж харах, экспортод чиглэсэн, гадна дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгоход томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна. Ер нь төрийн бүтэц цаг үетэйгээ уялдсан, уян хатан, бизнесийн байгууллага шиг бүтэцтэй байх ёстой гэж хувьдаа боддог. Өөрөөр хэлбэл хөшүүн биш, амьдралаас хол биш, хариу үйлдлийг шуурхай үзүүлдэг байх хэрэгтэй юм" гэж мэдэгдэж байв.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө