Эрээн хилээ хаасантай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй, нөөц бүрдүүлэхийг Засгийн газар үүрэгджээ

Эрээн хилээ хаасантай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй, нөөц бүрдүүлэхийг Засгийн газар үүрэгджээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд импортоор авдаг голлох нөөцийн бүтээгдэхүүний талаар танилцууллаа. Цар тахлын улмаас хил гаалийн саатал үүссэнтэй холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийг өсгөхгүйгээр нөөцийг бүрдүүлэхийг Засгийн газраас үүрэг өгсөн. Мөн холбогдох сайдуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан. 

Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг зорилго нь хил гаалиар нэвтэрч байгаа богино хугацаанд муудах хүнсний бүтээгдэхүүнийг саадгүйгээр хурдан шуурхай нэвтрүүлэх явдал юм.

Өнгөрсөн онд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гааль, НӨАТ-аас чөлөөлсөн. Энэ хүрээн өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн гол нэрийн барааны нөөц 2.6 дахин өссөн. Үүний үр дүнд үнийг тогтвортой барих боломж бүрдсэн хэдий ч хил гаалийн асуудал саатсантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн татахад бэлэн болсон бүтээгдэхүүн хилийн цаана гацсан нөхцөл байдал үүссэн.

Өнөөдрийн байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн хомсдолд орсон зүйл байхгүй. Харин Эрээний хил гаальтай холбоотойгоор нарийн ногооны хомсдол үүсэх эрсдэл харагдаж байна. Эрээн боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох будаа, элсэн чихэр, ургамлын тосны нөөц зохистой түвшинд буюу 20-42 хоногийн нөөцтэй байна. Цаашид богино хугацаанд тээвэрлэлтийн арга хэмжээг авч чадвал бүтээгдэхүүний нөөц дээр асуудал үүсэхгүй. Энэ асуудлыг ажлыг хэсэг анхаарч ажиллана" гэв.