ТӨСӨВ: Улсын мөнгөөр “кино театр” барьж тойргоо усалсан Б.Дэлгэрсайханы шоу Ховд аймагт 2,4 тэрбумаар үргэлжлэх нь

ТӨСӨВ: Улсын мөнгөөр “кино театр” барьж тойргоо усалсан Б.Дэлгэрсайханы шоу Ховд аймагт 2,4 тэрбумаар үргэлжлэх нь

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулийн төслийн нэгдэх хэлэлцүүлгийг хийгээд байгаа. Тусгай шаардлагад бүрэн нийцүүлсэн гэх ирэх оны төсвийн төсөлд суусан анхаарал татсан төслүүд, татвар төлөлчдийн мөнгийг эрх баригчид хэрхэн зарцуулахаар төлөвлөөд буйг бид цувралаар мэдээлж байгаа билээ.

-ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД 2,4 ТЭРБУМ ТӨГРӨГТ “КИНО ТЕАТР”-ЫН БАРИЛГА БАРИНА-

Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд 2 тэрбум гаруй төгрөгөөр кино театр барихаар төсөвлөжээ. Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант суманд 2 тэрбум 453 сая 800 мянган төгрөгөөр кино театрын барилга барихаар төсөвт суулгасан нь анхаарал татаж байна.

2022 оны Улсын төсөвт ийнхүү тусгажээ

Учир нь Ховд аймгийн Жаргалант сум нь соёлын төв ч байхгүй атал кино театр барих гэж байгаа нь хачирхалтай юм. Тус аймгийн соёл урлагийн үйл ажиллагаа нь Хөгжимт драмын театртаа зохион байгуулагддаг аж. Харин хөгжим драмын театр нь анх 1962 онд байгуулагдсан бөгөөд чулуун барилга учир засвар, өргөтгөл хийх боломжгүй байдаг байна.

-УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР КИНО ТЕАТАР БАРИНА ГЭЖ БАЙСАН Ч ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР СҮНДЭРЛҮҮЛЖ БАЙВ-

Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд буй мэдээллээс үзэхэд, 2011 оноос хойш өнөөг хүртэл “төсвийн мөнгөөр кино театр барих нэг л тендер”зарлагджээ. Тодруулбал, 2019 оны улсын төсвөөр Дорноговь аймгийн Сайншанд суманд 1 тэрбум 400 сая төгрөгөөр кино театр барих тендер зарлагдаж байсан байна. 

Дорноговь аймагт "кино театр" барих тендер зарлагдаж байв

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, кино театр баригдаж эхлэхээс өмнө тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өөрийн хөрөнгөөр аймгийн төвд кино театр барина гэх мэдээлэл ард иргэдийн дунд гарч байжээ. Гэтэл тус кино театр нь хувийн хөрөнгөөр бус улсын хөрөнгөөр баригдсан байна. Үүнээс үзэхэд, УИХ-ын гишүүд улсын хөрөнгөөр барих бүтээн байгуулалтаа өөрийн хөрөнгөөр барина хэмээн ард иргэдийн тархийг угааж, тойргоо усалдаг байх нь гэх хардлагыг төрүүлж буй юм. Ямартай ч, Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, С.Бямбацогт нар улсын төсвийн хөрөнгөөр барих хоёрдахь кино театрын барилгын төсвийг ирэх оны төсөвт суулгуулж дөнгөжээ.