С.Эрдэнэ: Х.Баттулгын нөлөөнд байдаг гишүүд бүлгийн даргын албан тушаалыг булааж авахаар улайрч байна

С.Эрдэнэ: Х.Баттулгын нөлөөнд байдаг гишүүд бүлгийн даргын албан тушаалыг булааж авахаар улайрч байна

Өнөөдөр /2021.10.15/ АН-аас С.Эрдэнэ, О.Баасанхүү нар мэдээлэл хийлээ. Учир нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийж, Ц.Тувааныг АН-ын гишүүнчлэлээс хөөсөн тул, бүлгээс хасаж байна гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл энэ талаар С.Эрдэнэ, “УИХ-ын 2020 оны сонгуулиар АН-аас 11 гишүүн сонгогдож, бүлгээ байгуулсан. Хуульдаа ийм заалтай байдаг.  Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар нь Ардчилсан намын бүлэгт орсон хууль зөрчсөн үйлдэл юм.  Өөрөөр хэлбэл, бие даагчид аль нэг намын бүлэгт харъяалагдах нь хуулиараа хориотой. Ц.Туваанын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд түүнд сануулга өгсөн. Харамсалтай нь, өгсөн сануулгыг үл тоосон учраас наймдугаар сарын 30-нд намын үндсэн дүрмийн хороо хуралдаж, Ц.Туваан, Ж.Батсуурь, Б.Бейсен нарын асуудлыг хэлэлцсэн. Удахгүй Ж.Батсуурь, Б.Бейсен нар Ардчилсан намд байх эсэхийг шийднэ.

Ер нь АН-ын бүлгийг удаа, дараа хагаралдуулах сонирхол нэг хүнд байна. Учир нь, 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн шийдвэрийг АН-ын бүлгээс гаргасан байсан. Гэтэл тухайн үед Ерөнхийлөгч байсан Х.Баттулга тухайн үед Ардчилсан намын бүлгийн дөрвөн гишүүнийг өөртөө урвуулж, эсрэг талд санал өгүүлж, намын бодлогын эсрэг ажилласан.  Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нар намынхаа бүлгийн шийдвэрийн эсрэг санал өгч, эрх баригч намын Засгийн газрыг авч үлдэж байлаа. Үүнээс болж бүлэг тарж байсан юм.

Яг энэ үйл явдал өнөөдөр давтагдаж байна. Х.Баттулгын нөлөөнд байдаг зарим гишүүн эрх баригч намын Засгийн газартай хариуцлага тооцох ёстой гэж гарын үсэг зурсан гишүүдийг намаас шахан зайлуулах, бүлгийн даргын албан тушаалыг булааж авахаар оролдож, улайрч байна.

Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг гардан зохион байгуулж байсан бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулахыг оролдоод эхэллээ. Бид бүлгийн гишүүдээ хамгаална. Ардчилсан намаас нэр дэвшиж, Ерөнхийлөгчид сонгогдож байсан хүний гар урт байна. Ардчилсан намын хоёр ч бүлгийг тарах гэж улайрч байгаад харамсч байна.

Нөгөөтэйгүүр,  Х.Сонинбаяр шүүгч эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Ц.Тувааныг цахим бүртгэлд бүртгэсэн нь хууль бус болох нь тогтоогдсон.  Гэтэл Улсын дээд шүүх давж заалдах, гомдол гаргах эрхгүй шийдвэр гарсан. Тиймээс Ц.Тувааныг бүлгээс хөөж Ардчилсан намын дотоод маргаанд цэг тавилаа. Ц.Тувааны бужигнуулсан, намыг хагаралдуулсан бүх зүйлс хүчингүй болж байна. Хууль ёсны Ардчилсан нам, намын дарга үйл ажиллагаагаа явуулна. Дахиж тамгатай, тамгагүй, эрхтэй, эрхгүй гэж яригдахгүй. Эцсийн шийдвэр гарсан.  Цахим бүртгэлээ ашиглаж, Ц.Туваан намын удирдах албан тушаалтнуудыг сольж, чөлөөлж, үндсэн дүрмийн бус хууль бус шийдвэрүүдийг гаргасан. Би намын даргын сунгааг зохион байгуулж тамгаа өг гэсэн. Гэтэл өөрийгөө хууль бусаар намын даргаар "томилж",  энэ бүх хагарлыг эхлүүлсэн. Намын хуучин тамгыг өгөөгүй учир хүчингүй болгож, шинэ тамга хийлгэсэн. Ц.Туваан гэгч одоо Ардчилсан намын дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй" гэсэн юм.