Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийв

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.

Таримал ургамлын үр, сортын тухай хууль нь таримал ургамлын удмын санг хамгаалах, шинэ сорт бүтээх, түүнийг сорих, нутагшуулах, бүртгэх, шинэ сортыг өмчлөх, ашиглах, таримал ургамлын удмын санг  хамгаалах, ашиглах болон үрийн тариаланг эрхлэх, сортын цэвэршилт, үрийн чанарыг хянах, баталгаажуулах, үрийн нөөц бүрдүүлэх, захиран зарцуулахтай  холбогдсон харилцааг цогц байдлаар зохицуулж чадахгүй байна гэж хууль санаачлагчид үзжээ.  

Шинээр боловсруулсан уг хуулийн төсөл нь 31 зүйлтэй бөгөөд хуулийн зорилго нь таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, үрийн салбарын судалгаа, шинжилгээ, инновацийг хөгжүүлэх, үрийн шударга худалдааг төлөвшүүлэх, таримал ургамлын генетикийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, шинэ сорт бүтээхийг дэмжих, таримал ургамлын гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ. 

Мөн үрийн чанарын хяналт, баталгаажуулалт, үрийн худалдааг эрхлэх, үрийн импорт, экспорт, үндэсний сортын бүртгэлийг шинээр зохицуулах болон таримал ургамлын шинэ сортын хамгаалалт, сортын зохиогчийн эрхийг олгох нөхцөлийг тусгажээ.

Уг хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ. Чуулганаар “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны төсвийн тухай” тогтоолын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэж байна.