У.Хүрэлсүх: Хүний хувь заяаг дэнсэлдэг хуульчид хуулиа зөрчиж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж, хариуцлага тооцохыг шаардаж байна

У.Хүрэлсүх: Хүний хувь заяаг дэнсэлдэг хуульчид хуулиа зөрчиж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж, хариуцлага тооцохыг шаардаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын Үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлсэн бөгөөд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр “Монголчууд хууль цааз, хүний эрхийн эрмэлзлэл, тэгш эрхийн зарчмаа алдаж байгаагүй ард түмэн. Энэ үнэт зүйлийнхээ төлөө ямагт тэмцэж, хамгаалж ирсэн билээ. Шударга ёс бэхжиснээр, амар тайван, аз жаргалтай амьдрах жамтай. Тиймээс шүүх эрх мэдэл, хууль сахиулах салбарын алдаа оноог хэлэлцэж, бодлого тодорхойлох зорилгоор энэхүү чуулганд та бүхэн хүрэлцэн ирээд байна. Хүний эрх, шударга ёс, хуулийг эрхэмлэх нэрийн дор чуулганыг зохион байгуулж байгаа юм. Энэ талаар ний нуугүй ярилцах ёстой. Хүний хувь заяаг дэнсэлдэг хуульчид хуулиа зөрчиж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж, хариуцлага тооцохыг шаардаж байна.

Шударга ёсыг тогтоох үүрэгтэй хууль сахиулагчид хуулиа эрхэмлэн дээдлэх ёстой. Энэ хүрээнд хууль дээдлэх, хуульчийн ёс зүйг эрхэмлэн баримтлах шаардлагатай. Шударга ёс нь үр дүнгээр хэмжигддэг, үнэт зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүн биш хууль засаглана гэдэг Үндсэн хууль, бусад хуульд захирагдан гажуудал гаргахгүй, төрийн хуулийг яс чандлан сахихыг хэлж байгаа юм” гэдгийг онцоллоо. 

Чуулган “Шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдал ба хуулийн засаглал”,  “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаа ба хүний эрх, эрх чөлөө”, “Хуульч бэлтгэх тогтолцоо ба хуульчийн сахилга хариуцлага” сэдвүүдээр салбар хуралдаануудаар үргэлжилнэ. Салбар хуралдаанаас гарсан санал дүгнэлтийг оролцогчдод танилцуулж, Үндэсний чуулганаас зөвлөмж гаргах юм.

Чуулганд шүүх, прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, олон улсын байгууллагын удирдлага, ажилтан, алба хаагчид оролцож байгаа юм.