БАРИМТ: Хагас тэрбум илүү төгрөгөөр халуун усны барилга барихаар төсөвт тусгажээ

БАРИМТ: Хагас тэрбум илүү төгрөгөөр халуун усны барилга барихаар төсөвт тусгажээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэж буй. Ирэх оны төсвийг 16 их наядын орлоготой, 18 их наядын зарлагатай байна гэж тооцоолсон бөгөөд төсвийн алдагдал тэлэлттэй байх магадлалтай гэдгийг эдийн засагчид хэлж байгаа.

Тэгвэл Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд анхаарал татсан нэлээд олон төсөв суужээ. Тодотговол, улсын төсвийн хөрөнгөөр гурван суманд халуун ус барихаар хагас тэрбум илүү төгрөг төсөвлөсөн байна. Нарийвчилвал, Архангай аймгийн Булганд 100 сая, Булган аймгийн Дашинчилэнд 165 сая, Ховд аймгийн Ховд суманд 390 сая төгрөгөөр халуун усны барилга барихаар улсын төсөвт суулгажээ.

Эдийн засгийн хүнд энэ үед улсын төсвөөр халуун усны барилга барихаар төсөвт суулгасан нь анхаарал татаж байна. Хувийн хэвшлийнхэн барьж байгуулаад эдийн засгийн эргэлтэд оруулахаар энэ мэт аар саар зүйлд улс оролцож, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулах гэж байгаа нь харамсалтай.

-ТӨСВИЙН МӨНГӨӨР ХАЛУУН УС БАРИХААР ЗҮТГҮҮЛЖ БУЙ
УЛСТӨРЧИД ХЭН БЭ-

Энэ нь нөгөө л улстөрчдийн өөрсдийгөө сурталчлах, сонгогдсон тойргоо "услах" гэсэн танигдсан технологийн ГАЙ гэдэгтэй маргах хүн үгүй биз. Тэгвэл дээрх аймгуудаас УИХ-ын гишүүн болсон эрхмүүд хэн бэ гэдэг асуулт өөрийн эрхгүй урган гарч байна. Ховд аймгаас С.Бямбацогт, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж Архангай аймгаас Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, Булган аймгаас Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ нар сонгогджээ.

-ХАЛУУН УСНЫ БАРИЛГЫГ СУМЫН ЗАСАГ ДАРГА 60 САЯ, УЛС 390 САЯ
ТӨГРӨГӨӨР БАРИУЛНА ГЭЖЭЭ-

Халуун усны барилга барих төсөвт өртөг харилцан адилгүй байгаа нь анхаарал татав. Төрийн худалдан авах ажиллагааны цахим системын нэгдсэн санд тавигдсан тендерын зар дээр “Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын тамгын газар орон нутгийн төсвийн 60 сая төгрөгөөр халуун усны барилга барих” тендэр зарласан байх аж. Гэтэл улсын төсөвт халуун усны барилгыг 100-390 сая төгрөг хэмээн суулгасан байна.