Хоёр хуваагдаад байсан АН-ын гишүүд УИХ-ын нөхөн сонгуулийн үеэр нэгдэж буйгаа зарлаж, ирэх арваннэгдүгээр сарын /2021.11.05/-ны өдөр “Эв нэгдлийн их хурал”-аа зарлаад байсан ч тус нэгдлийг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга дахин хувааж, талцуулж орхив бололтой.
АН-ын өнөөдрийн доройтол, хуваагдалд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын оролцоо, нөлөө их гэдэг. Тухайлбал, тэрээр Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байхдаа Ц.Туваан, П.Нүрзэд нараар дамжуулж, АН-ын үйл ажиллагаанд шууд оролцож, тэр бүү хэл тус намын Дотоод сонгуулийн хорооны зарим гишүүдийг Баянгол зочид буудалдаа дайлж байсан гэдэг. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
-Ц.ТУВААНЫГ БҮЛГИЙН ДАРГАД ЗҮТГҮҮЛСЭН НЬ УИХ ДАХЬ АН-ЫН ГИШҮҮДИЙГ ХОЁР ХУВААЖЭЭ-
Харин энэ удаа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулж, Ц.Тувааныг тус албан тушаалд Х.Баттулга зүтгүүлсэн байж магадгүй байгаа нь АН дахин хоёр хуваагдаж, талцаж хэрэлдэхэд хүргэжээ.
Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах бичигт АН-ын бүлгийн гишүүд гарын үсгээ зурж эхлээд байсан ч, Х.Баттулга Ерөнхий сайдын зөвлөх болсноор түүнийг дагадаг АН-ын бүлгийн зарим гишүүд гарын үсгээсээ татгалзсан гэдэг. Иймд, “Засгийн газрыг огцруулах бичиг АН-ын бүлгээс дахин гарч, үүнд нь МАН-ын зарим гишүүд нэгдэж магадгүй байгаа тул УИХ дахь АН-ын бүлгийг Х.Баттулга өөрийн удирдлагадаа бүрэн авах гэж байна” хэмээн хардах хүмүүс ч байна.
Тэгвэл УИХ дахь АН-ын зарим гишүүд ирэх Бямба гараг /2021.10.16/-т болох нэмэлт санал хураалтын дараа албан ёсоор хуралдаж, бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулж, түүний оронд Ц.Тувааныг болгоё гэж албан бусаар ярилцжээ. Тус саналыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дагадаг УИХ-ын гишүүн Ц.Туваан, А.Адъяасүрэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, Ш.Адьшаа нарын гишүүд дэмжиж тэдэн дээр О.Цогтгэрэл нэмэгдсэн байж магадгүй байна. Харин тус саналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа, Д.Ганбат нарын гишүүд эсэргүүцэж, зарим нь “Х.Баттулгын үгээр явахаа боль” гэсэн утгатай үг хэлсэн үг хэлжээ. Харин УИХ дахь АН-ын гишүүн Б.Бейсен аль ч талд нь орохгүй,дундын байр суурийг барьж байгаа ажээ.
- Х.БАТТУЛГА 15 ЖИЛ УДИРДАЖ БУЙ МоАХ-Г УЛС ТӨРИЙН НАМ БОЛГОХ БЭЛТГЭЛДЭЭ ОРСОН УУ-
Иймд өчигдөр /2021.10.14/ УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийж Ц.Тувааныг АН-ын гишүүнээс хөөсөн тул, бүлгийн гишүүнээс хаслаа гэж мэдэгдсэн нь ийм учиртай байж.
Тодруулбал, Ц.Туваан, А.Адъяасүрэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, Ш.Адьшаа, О.Цогтгэрэлнарын зургаан гишүүн олонхийг бүрдүүлж, хуралдаад УИХ дахь АН-ын бүлгийн даргаа огцруулах боломжтой тул Ц.Тувааныг хасаж, таван гишүүн болгож, жижиглэх тактикийг Д.Ганбат барьсан бололтой.
Мөн Д.Ганбат “Орхон аймагт бие даан нэр дэвшиж сонгогдсон Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-ын бүлэгт нэгдэх нь хуулиараа боломжгүй” гэж мэдэгдсэн. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 31.2 -д “Бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно” гэж заажээ. Мөн Н.Алтанхуягийг АН-ын дарга болгохоор Ерөнхийлөгч асан Х.Баттулга пиар, сурталчилгаа болон тус намын гишүүдийн дунд ажиллаж эхэлсэн байж магадгүй байгаа тул тэрээр ийм мэдээлэл хийжээ.
Нөгөөтэй, Х.Баттулга “Ардчилсан холбоо нам” байгуулахаар бэлтгэл ажилдаа орсонбайж магадгүй гэх мэдээлэл байна. Шинээр байгуулах тус намыг Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны суурин дээр байгуулж магадгүй байгаа аж. Харин МоАХ-г сүүлийн 15 жилд Х.Баттулга удирдаж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буудаг өдрөө “Монгол Улсын баатар” цолоор тус ТББ-г шагнасан. Тэгвэл түүний улс төрийн багийн гишүүн П.Нүрзэд нь МоАХ-г төлөөлөн зарим орон нутагт очиж “Баатар цолны батламж” гэгчийг гардуулж, МоАХ-ны салбар зөвлөлийн даргыг сонгож яваа ажээ.