Л.Оюун-Эрдэнэ: ТЭЗҮ дээр алдаа гарч, Засгийн газар буруугүй гэдэг дүгнэлт гарсан

Л.Оюун-Эрдэнэ: ТЭЗҮ дээр алдаа гарч, Засгийн газар буруугүй гэдэг дүгнэлт гарсан

Өнөөдөр /2021.10.14/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн үзэл баримтлалыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Оюутолгойтойн хэлэлцээр амаргүй түвшинд, ахицтай урагшилж байна. ТЭЗҮ дээр алдаа гарсан. Үүнд Монгол Улсын Засгийн газар буруугүй гэдэг дүгнэлт гарсан. Үүний заримыг хөрөнгө оруулагч тал хүлээж авна гэдгээ илэрхийлсэн. Бид ногдол ашгаа наашлуулах, манай Засгийн газар алдаагүй юм бол үүссэн өрийг төлөхгүй гэдгээ илэрхийлсэн хэлэлцээр явж байгаа. Олон хөрөнгө оруулагч байгаа учраас тэнд ч хэлэлцэж байгаа. Хөрөнгө оруулагч талын удирдах бүрэлдэхүүн өөрчлөгдсөн. Оюутолгойн хэлэлцээртэй холбоотой асуудлаар УИХ-ын чуулган дээр хаалттай мэдээлэл өгөхөд бэлэн. Мөн УИХ-тай зөвшилцөж шийдэх 2-3 асуудал байгаа.

Ерөнхий сайдын хувьд УИХ-ын гишүүдээс хэд хэдэн асуудал дээр улс төрийн дэмжлэг хүсч байна. Том шийдэл бүхэн дандаа цаанаа төлөөстэй, улс төртэй өрнөдөг. Үүнийг би Ерөнхий сайд болоод бүр их мэдэрч байна. Мөн Богдхан төмөр замыг барина. Ингэж байж Улаанбаатар хотын түгжрэл буурна. 60-70 орчим мянган машин нэмэгдэж байхад Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах боломжгүй. Энэ байдлаараа 4-5 жилийн дараа Улаанбаатар хот тэг зогсолт хийнэ. Тиймээс УИХ Засгийн газартай хамт байх ёстой" гэжээ.