Б.Энхбаяр: Шүүхийн шатанд хэргийг мөрдөгч, прокурорт дахин нотлоод ир гэж буцаах ёсгүй

Б.Энхбаяр: Шүүхийн шатанд хэргийг мөрдөгч, прокурорт дахин нотлоод ир гэж буцаах ёсгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар энэ оны дөрөвдүгээр сарын 8-нд УИХ-д уг төслийг өргөн мэдүүлжээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Б.Энхбаяр гишүүн хуралдаанд танилцууллаа. Нэн тэргүүнд хүний язгуур эрхийг хангахад чиглэсэн Үндсэн хууль болон бусад хууль дахь суурь зохицуулалтыг хэрэгжүүлэхийг зорьсныг онцлов.

Үндсэн хуулиар баталгаажсан иргэний үндсэн эрх, суурь зарчмыг гажуудуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн зүйлчлэлийг хүндрүүлэх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн тохиолдлыг шийдвэрлэж, шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах боломж олгох зорилгоор нэг удаа 30 хоногоор хойшлуулах нэн тодорхой зохицуулалтыг шинээр бий болгож болох юм гэж үзэж хуулийн төслийг боловсруулжээ. Мөн Давж заалдах шатны шүүх болон Дээд шүүхээс хэргийг буцаадаг зохицуулалтыг халах зохицуулалт тусгах нь УИХ-аас 2021 онд хийсэн Шүүхийн шинэчлэлийн үргэлжлэл болно хэмээн үзэж, холбогдох тайлбарыг Б.Энхбаяр гишүүн танилцуулсан юм. Төсөл санаачлагчид шүүх, прокурорын хараат бус байдлыг бэхжүүлж, ял завших боломжийг хаах шаардлагатай гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

2019 онд анхан шатны шүүх 26 897 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээс 57 хэргийг цагаатгаж, 1345 хэргийг шүүхийн шатнаас прокурорт буцаасан, 2020 онд 13 470 хэрэг шийдвэрлэснээс анхан шатны шүүх 76 хэргийг цагаатгаж, 1247 хэргийг прокурорт буцаасан гэх тоо баримтыг төсөл санаачлагч танилцууллаа. Прокурорт буцаасан нийт хэргийн 1231 нь урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас буцсан бол 1350 хэрэг нь шүүхийн хуралдааны шатнаас буцсан байна. Ийнхүү 2019-2020 онд анхан шатны шүүхээс буцаасан хэргийн талаас илүү хувийг шүүх хуралдааны шатнаас буцаажээ. Мөрдөгч, прокурор хууль зөрчсөн алдаагаа засах боломж олгосон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр бус гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг буцаасаар байгаа нь хэрэг дээрээ ийнхүү хоёр үе шатанд хуваахын утга учрыг алдагдуулсан хэрэг болсон гэж үзсэн байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 12-ны хуралдаанаар эл төслийг хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцууллаа.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Баярсайхан, Л.Мөнхбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Раднаасэд, Ч.Хүрэлбаатар, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, Н.Энхболд нарын гишүүд асуулт асууж, хариулт авав.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, гишүүдийн асуултад хариулахдаа, хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ шийдвэрлэснээр, Байнгын хорооны хуралдаанд хууль, шүүх, прокурорын байгууллагын олон талын төлөөллийг оролцуулан мэтгэлцээн явуулах боломжтойг хэлсэн. Улсын дээд шүүхээс 2020 онд 22 хэрэг мөрдөн байцаалтад буцсан. Ерөнхийдөө, сүүлийн хоёр жилд анхан болон давж заалдах, дээд шүүхээс буцаасан 267 хэрэг хэрэгсэхгүй болсон байна. Тэгэхээр 267 гэм буруугүй хүнд шүүх ял өгсөн, эсхүл гэмт этгээдийн хэргийг буцааж ял завшуулчихсан эсэх асуудал гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэргийг буцаах хуулийн зохицуулалтыг ашиглаж хүн хэлмэгдүүлдэг, эсхүл ял завшуулж байна. Мөн мөрдөн байцааж байгаа гэх шалтгаанаар удаан хугацаанд хүнийг шантаажилж байгаа зэрэг асуудал гарч байгааг учирлаж байлаа. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь хэргийн нотлох баримт бэхжүүлэх хүсэлт хангасан эсэх, шинжээчийн дүгнэлт сонирхлын зөрчилтэй байсан зэргийг тусгайлан хянадаг. Харин дараагийн шатны шүүх хуралдаанаар хэргийг мөрдөн байцаалтад буцааж байгаа нь буруу тогтолцоо гэдгийг тайлбарлав. Тиймээс урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаах зохицуулалтыг хэвээр үлдээх хэрэгтэйг онцолж байв. Шүүх нотолсон баримтанд үндэслэж шийдвэр гаргах болохоос биш, шүүх нь мөрдөгч, прокурорт дахин нотлоод ир гэж буцаах ёсгүйг учирлав.

Гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлсний дараа Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олон хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.