Ц.Туваан: АН-ын бүлгийн даргыг солих асуудал хөндөгдсөн болохоор намайг хууль бусаар хөөлөө

Ц.Туваан: АН-ын бүлгийн даргыг солих асуудал хөндөгдсөн болохоор намайг хууль бусаар хөөлөө

Ардчилсан намын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийж, “УИХ-ын гишүүн Ц.Тувааныг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүнээс чөлөөлсөн” болохыг мэдэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл тэрбээр энэ талаар "Би хэдэн ч удаа Ардчилсан намаас хөөгдөв. Би намдаа, бүлэгтээ байгаа. Бүлэгт ажиллаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Ардчилсан намын бүлгийн хурал дээр бүлгийн даргын асуудал яригдсан. Гэхдээ нөхөн сонгуультай холбоотойгоор энэ асуудлыг хойшлуулаад байсан юм.

Харин намайг намаас хөөсөн гэх асуудал нь бүлгийн даргыг өөрчлөхтэй холбоотой гэж бодож байна.

Би Ардчилсан намаас сонгогдсон гишүүн. Намын үндсэн дүрмийн хороо хуралдаж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу намын дарга шийдвэрээ гаргаж байж намаас хөөх асуудлыг шийддэг. Гэтэл намын дүрмийн хороо хуралдаагүй байж хөөсөн гэж мэдэгдлээ. Нам нэгдэх асуудал нь эхнээсээ зохиомол асуудал. Ардчилсан намыг бутарсан гэж харагдуулах нь зарим хүмүүсийн санаатай үйлдэл" болохыг мэдэгдлээ. Ташрамд өгүүлэхэд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг тус албан тушаал нь буулгаж, түүний оронд УИХ-ын гишүүн Ц.Тувааныг томилуулахаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.