ТӨСӨВ: Хэнтий аймгийн нэг иргэнд 2.7 сая төгрөг ногдож буй бол Улаанбаатарын иргэнд 300 мянган төгрөгийг хуваарилжээ

ТӨСӨВ: Хэнтий аймгийн нэг иргэнд 2.7 сая төгрөг ногдож буй бол Улаанбаатарын иргэнд 300 мянган төгрөгийг хуваарилжээ

2022 оны улсын төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Ирэх онд улсын төсвийг 18 их наядын зардал, 16 их наядын орлоготойгоор төсөөлсөн. Тэгвэл аймгуудаас Хэнтий аймагт нийт төсвийн 10 хувь буюу 214 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

Мөн тус аймгийн нэг иргэнд 2.7 сая төгрөг оногдож байхад Улаанбаатар хотын нэг иргэнд 300 мянган төгрөг төсөвлөгджээ. Цаашлаад ирэх онд Орхон аймагт гурван төсөл хэрэгжүүлэх бол Хэнтий аймагт 89 төслийг хэрэгжүүлэхээр тусгажээ. 

Хэнтий бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайдын нутаг. Тиймээс албан тушаалын давуу эрхээ эдлэн өөрийн сонгогдсон тойрогт төсвийн мөнгөнөөс их хэмжээгээр хуваарилж дараагийн сонгуульдаа санал авахад бэлтгэж байна уу гэх хардлага байгаа юм. 

Өнгөрсөн 2021 оны төсвийн хөрөнгийг 21 аймагт хуваарилсан жагсаалтыг харахад ч Хэнтий аймагт хамгийн их буюу 125.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Улаанбаатар хотын нэг иргэнд 90 мянган төгрөг ногдож байсан бол Хэнтийн нэг иргэнд 1.6 сая төгрөг хуваарилж байсан юм.