АН-ын даргаар Н.Алтанхуяг, ЕНБД-аар Ө.Шижир нарыг болгохоор Х.Баттулга ажиллаж эхэлжээ

АН-ын даргаар Н.Алтанхуяг, ЕНБД-аар Ө.Шижир нарыг болгохоор Х.Баттулга ажиллаж эхэлжээ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг тус албан тушаал нь буулгаж, түүний оронд УИХ-ын гишүүн Ц.Тувааныг томилуулахаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга ажиллаж эхэлсэн гэх сурвалжийн мэдээллийг бид өчигдөр /2021.10.13/ нийтэлсэн.

Тэгвэл Хэнтий аймаг, СХД-т болж буй УИХ-ын нөхөн сонгуулийн дараа АН-ын дотоод өрсөлдөөн эхэлж байгаа бололтой.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг АН-ын даргаар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижирийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, тус газрын дэд дарга асан н.Саруулыг АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга болгохоор Ерөнхийлөгч асан Х.Баттулга пиар, сурталчилгаа болон тус намын гишүүдийн дунд ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Тэгвэл өнөөдөр АН-ын бүлгээс мэдээлэл хийж, “Намын эсрэг ажилласан Ц.Тувааныг АН-ын гишүүнээс хөөж, мөн Н.Алтанхуяг, С.Ганбаатар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүнээс хассан” гэж мэдэгдлээ.

Сонирхуулахад, Орхон аймагт бие даан нэр дэвшиж, парламентад сонгогдсон Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар УИХ дахь АН-ын бүлэгт нэгдэж буйгаа мэдэгдсэн. Гэтэл УИХ-ын тухай хуулиар хориглосон байгаа юм. Тодруулбал, Монгол улсын их хурлын тухай хуулийн 31.2 -д “Бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно” гэж заажээ.