Д.Тогтохсүрэн: Хөрөнгө оруулалтын тухай хууль татагдах байх

Д.Тогтохсүрэн: Хөрөнгө оруулалтын тухай хууль татагдах байх

Сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг татаад буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэн. Баталчихсан юм шиг ойлгоод байна. Үгүй. Хууль өргөн барьсан гишүүдээс янз бүрийн мэдэгдэл хийгээд, нэрээ хэлсэн байна билээ. Журмаараа, дэгээрээ өргөн барьсан гишүүдийн 50 хувь нэрээ татсан бол хууль татагддаг. Тиймээс энэ хууль бараг татагдах байх гэж бодож байна. Бүлгийн хурлаар Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох асуудал яриагүй. Ерөнхий сайдын бүрэн эрх. Олонхийн бүлэг зүгээр санал хэлэх төдий эрхтэй” гэв.

Сануулахад, дөрвөн зүйлтэй ганцхан хуудас бүхий эл төсөлд Үндэсний аюулгүй байдалд харшлах, тусгаар тогтнол, газар нутаг, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг хөндсөн, ноцтой зүйл, заалтыг оруулж ирсэн нь иргэдийн дургүйцлийг хүргэж шүүмжлэлд өртөөд буй. Тодруулбал, гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийснийг нь үндэслэн олон удаагийн орж, гарах виз олгох тухай зохицуулалтыг хийсэн байдаг. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин, Х.Булгантуяа нар өргөн барьсан юм.