Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн.
Энэ оны зургадугаар сард өргөн барьсан, өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн эл төслийг гишүүн Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин, Х.Булгантуяа нар санаачлан боловсруулсан юм. Харин дөрвөн зүйлтэй ганцхан хуудас бүхий эл төсөлд Үндэсний аюулгүй байдалд харшлах, тусгаар тогтнол, газар нутаг, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг хөндсөн, ноцтой зүйл, заалтыг оруулж ирсэн нь иргэдийн дургүйцлийг хүргэж шүүмжлэлд өртөөд буй. Тодруулбал, гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийснийг нь үндэслэн олон удаагийн орж, гарах виз олгох тухай зохицуулалтыг хийсэн байдаг.
Хамгийн ноцтой нь хуулийн төслийг боловсруулахдаа УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Х.Ганхуяг нар нь бусад санаачлагчтай зөвлөлдөөгүй, харуулаагүй шууд УИХ-д оруулсан байх магадлалтай байгаа юм. Учир нь П.Анужин, Д.Өнөрболор нарын гишүүд уг хуулийн төсөлтэй огт танилцуулалгүй гарын үсэг зуруулсан гэж мэдэгдээд эргүүлэн татахаа мэдэгдсэн. Тэгвэл уг хуулийн төслийг татаж магадгүй байгаа аж. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хэлэхдээ "Санаачлагдын хувьд зөрөлдөөн гарч татах нөхцөл үүсч байна. Бүлэг, УИХ дээр ярьж байгаад нэг тийш нь шийдэх байхаа" гэлээ.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар санаачлагч нь төслөө хэлэлцүүлгийн аль ч шатанд татан авч болно. Гэхдээ хэд хэдэн гишүүн хамтарч төсөл санаачилсан бол олонхын саналаар татан авах ёстой. Тэд төслөө татахаар санал нэгдвэл үндэслэлээ тусгасан албан бичгийг УИХ-ын даргад ирүүлэх бөгөөд үүнийг нэгдсэн хуралдаанд танилцуулснаар асуудал шийдэгдэнэ гэжээ.