Т.Доржханд: Ийм байдлаар цааш явбал Монголд ардчилсан сонгууль устаж, ардчилал нуран унах цаг үед бид амьдарч байна

Т.Доржханд: Ийм байдлаар цааш явбал Монголд ардчилсан сонгууль устаж, ардчилал нуран унах цаг үед бид амьдарч байна

Хөдөлмөрийн үндэсний намаас өчигдөр болсон УИХ-ын нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд: Нөхөн сонгуулийн үр дүн харамсаж байна. Санал өгөх ёстой иргэдийн 40 хүрэхгүй хувь саналаа өгсөн байна. Хэнтий аймагт бүр 34 хувийн ирцтэй байна. Сонгуулийн ирц хүрээгүй учраас нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүссэн. Эрх баригчид машин, машинаар иргэдээ зөөж, дүүрэг хороодын бүх ажилтан албан хаагч, төрийн өмчийн компаниудыг ажиллуулсан мэдээлэл манай намд ирсэн. Олон хүн зөөгөөд ч ирцэндээ хүрсэнгүй. Ийм байдлаар цааш явбал Монголд ардчилсан сонгууль устаж, ардчилал нуран унах цаг үед бид амьдарч байна. Санал өгөх ёстой иргэдийн 60 хувь нь саналаа өгсөнгүй. Татгалзаж байна. Энэ ардчилсан сонгуульд чинь орохгүй, сонголтоо хийхгүй гэж байна. Энэ бол эрх баригчдад, улс төрийн намуудад өгч байгаа маш том сануулга гэж бид үзэж байна.

Маш олон алдаатай шийдвэр гаргасан. Сонгуулийн хугацаанд шатахуун, түлшний хомстол үүсч, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. жагсаал цуглаан болсон. Иргэд эрх баригч намд бухимдлаа сонгуульд саналаа өгөхгүй байхаар илэрхийлж байна. Бусад улс төрийн хүчинд дохио өгч байна. Яг үнэндээ Монголын ардчилал дүүрэг хороод, сум, багийн дарга нар, тэдгээрийн дор ажиллаж байгаа ажилтнууд, мөнгөний сүлжээний өмнө өвдөг сөхөрч байна. Өчигдрийн сонгуулийн үр дүнг үндэслээд дүгнэлт хийх ёстой. Монголын ардчиллыг хамгааллын тулд дараах арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй гэдгийг эрх баригч нам болон бусад намуудад уриалж байна.

  • Сонгуулийн холимог системийг яаралтай Үндсэн хуульд тусгаж, нийт мандатын 50 хувийг хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явуулах хэрэгтэй
  • Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, намын хатуу гишүүнчлэлийг зогсоож, намуудыг ижил гараанаас гарах боломжийг олгох хэрэгтэй
  • Сум, дүүрэг баг хороог улс төрөөс ангид байлгаж, иргэдээс шууд сонгодог болох
  • Өнөөдөр хэн ялах нь чухал биш гэхдээ ардчилал бидэнд асар их үнэ цэнэтэй. Ардчиллаа хамгаалж үлдэхийн тулд ардчилсан сонгууль нь зөв бөгөөд шударга, иргэд нь идэвхтэй оролцдог байх ёстой.