АН-ын бүлгийн гишүүд жагсаж үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг баривчилсан асуудлаар ХЭҮК-той уулзалт хийжээ

АН-ын бүлгийн гишүүд жагсаж үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг баривчилсан асуудлаар ХЭҮК-той уулзалт хийжээ

No Double Standard хөдөлгөөний зохицуулагч н.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудыг цагдаагийн байгууллагаас саатуулаад буй. Иймд зарим иргэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж, тус яамны гадна суулт хийж хоносон.

Тэгвэл эдгээр иргэдийг цагдаагийн хүчээр тарааж, мөн зарим иргэдийг баривчилсан. Энэ үеэр цагдаагийн байгууллага зарим эмэгтэйчүүдэд хүч хэрэглэж, газар чирсэнд зарим иргэд бухимдаж байгаа бөгөөд тус асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болон Ардчилсан намын залуу удирдлагууд ХЭҮК-ын гишүүдтэй уулзалт хийсэн байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат тус уулзалтын үеэр, “Өөрийн үзэл бодлоо илэрхийлсний төлөө олон залуучуудыг хэдхэн өдрийн дотор барьж хорьж болохгүй. Одоогоор ЗГ-аас хорио цээрийн дэглэмийг сулруулж байгаатай холбогдуулан энэ асуудалд нийтийн сонсгол зохион байгуулах бодолтой байна” гэжээ. Иргэн Д.Монголхүүг барьж хориод зогсохгүй шүүх хурал болох гэж байна. Иймээс ХЭҮК-ы гишүүд эрхийнхээ дагуу оролцож дүгнэлт хийхийг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа, “Одооны сүүлд шинээр томилогдон ХЭҮК-ын гишүүд сайн ажиллаж байгаа хэдий ч хүний эрх зөрчигдсөн энэ мэт асуудлуудад шуурхай ажиллаж, иргэдийн гомдлыг шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн байна.

Харин ХЭҮК-ын гишүүдийн зүгээс, “Анх 1994 онд жагсаал цуглааны тухай хууль батлагдаж, огт шинэчлэлт хийгдээгүй тул өнөгийн нөхцөл байдалд ганц хуулиараа зохицуулж болохгүй олон асуудлууд байна” хэмээн өөрсдийн байр суурийг хэлжээ.