УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Дээд шүүхээс Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах саналыг оруулж ирсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Д.Гангабаатар: Миний хувьд олон жил Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр хичээл зааж, судалгаа хийж ирсэн. Хувьдаа Цэцийн зарим шийдвэрүүдийн үндэслэл дээр зарим зүйлийг нэмэх, хасах боломж байгаа гэдгийг харж явдаг байсан. Хэрвээ томилогдвол Цэцийн шийдвэрийн үндэслэлийг сайжруулах тал дээр анхаарч ажиллана гэсэн бодолтой байна. Цэцийн гишүүд хараат бус байх нь хамгийн үндсэн шаардлага. Цэцийн гишүүд хараат бусаар ажиллаж байж Үндсэн хуулийн шүүх хуулиар олгогдсон чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх боломжтой болно.
Ингээд Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ. Пүрэв гаригийн нэгдсэн чуулганы хуралдаанаар байнгын хорооны шийдвэрийг хэлэлцэн эцэслэн шийдэх юм.