Өчигдөр /2021.10.05/ орой Сод монгол групп ХХК-ийн гүйцэтгэх захирлын “АИ 92 автобензины ачилтыг хязгаарлах” тухай гэх тушаал олон нийтийн сүлжээнд гарсан. Тус тушаалд, “2021 оны 10 дугаар сарын 5-наас ОХУ-ын Роснефть компаниас ачигдах АИ 92 автобензиний ачилтууд хязгаарлагдан багасч, АИ 92-ийн нөөц хангалтгүй болж багасах болсон” гэсэн байв.
Харин тус мэдээллийг Засгийн газар түргэн авч шатахууны нөөц хангалттай байгаа гэсэн мэдээллийг олон нийтэд цацаж, нэр бүхий сайт ч ШТС-ууд дээрээс нөөц хэвийн байгаа гэх шууд дамжуулалтыг хийв. Учир нь шатахууны хомстол бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг "хөмөрч" мэдэх сэдэв.
Мөн удалгүй Сод монгол групп ХХК-иас дээрх “тушаал нь хуурамч” гэх мэдээллийг хийв. Тодруулбал, мэдэгдэлд нь, “2021 оны 10-р сарын 5-ны өдрийн орой нийгмийн сүлжээгээр тус компанийг бензиний хязгаарлалт хийж эхэлж байгаа тухай худал мэдээлэл явж, үйлчлүүлэгч олныг төөрөгдүүлэн, ШТС-ууд дээр шаардлагагүй дараалал үүсгээд байна …” гэжээ.
Үнэндээ, хуурамч албан бичиг хөтлөөд, мөн дотоод ажилчдынх нь мэддэг ШТС-уудын дэс дугаарыг нь бичээд сууж байдаг завтай хүн байхгүй. Харин Засгийн газрын шахалтад орсон байж магадгүй гэх иргэд олон байв. Ямартай АИ 92 шатахуун хомстлоо гэх мэдээллийн араас Засгийн газар түргэн авч “АИ 92 автобензины нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна” гэх мэдэгдлийг яаралтай хийсэн юм.