УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль болж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт, МАН-аас Э.Батшугар, АН-аас Э.Бат-Үүл нарын найман хүн өрсөлдөж буй.
Харин сүүлийн өдрүүдэд нэр дэвшигч Э.Бат-Үүл рүү чиглэсэн сөрөг мэдээлэл гарах болсон. Тодруулбал, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр шүүхээс 20 жилийн ял авсан ч, батлан даалтад гараад буй Т.Чимгээ “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ, “тус хэргийн захиалагч бол Э.Бат-Үүл” гэсэн утгатай зүйлийг ярьсан байдаг.
Иймд Э.Бат-Үүл өөрийн твиттер хуудастаа “Өөрийг нь хөнөөгөөд, анд нөхрийг нь гүтгэж буйг хараад С.Зориг маань ямар их шаналж байгаа бол” гэж мэдэгдэл хийсэн. Мөн тэрээр АН-ын гишүүн О.Цогтгэрэл, Ч.Өнөрбаяр, М.Тулгат нарын зургийг нийтлээд “Зоригоо минь! Бидний хойч үеийхэн маань гарч ирээд эрх чөлөөний төлөө тэмцлийг буухиалан авч байна даа! Гайхалтай байгаа биз” хэмээжээ.
Зоригоо минь!Бидний хойч үеийхэн маань гарч ирээд эрх чөлөөний төлөө тэмцлийг буухиалан авч байна даа! Гайхалтай байгаа биз! Sent from Viber https://t.co/vKTchpOzm9 pic.twitter.com/rAysGHUski
— Эрдэнийн Бат-Үүл (@E_BatUul) October 2, 2021
Учир нь тус сонгуульд хотын дарга асан Э.Бат-Үүл АН-аас нэр дэвшиж байгаа нь хоёр хуваагдаад байсан тус нам эвлэрч, нэгдэх эхлэл тавигдлаа гэж ихэнх иргэд үзэж буй бол, АН “Эв нэгдэл”-ийн их хурлаа ирэх арваннэгдүгээр сарын 5-ны өдөр буюу Чингис хааны мэндэлсэн өдөр хийнэ гэдгээ мэдэгдсэн. Мөн Э.Бат-Үүлийн сонгуулийн ерөнхий менежерээр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр ажиллаж байгаа ажээ.