Шатахууны нийлүүлэлт, тээвэрт баатар болох гэсэн ТӨРИЙН ДАРГА нар олон болов уу

Шатахууны нийлүүлэлт, тээвэрт баатар болох гэсэн ТӨРИЙН ДАРГА нар олон болов уу

Манай улс өнгөрсөн долоо хоног /2021.09.20,26/-т шатахууны хомстолд орж, улмаар хувийн хэвшлийнхэн ОХУ-д очиж Роснефть компанийхантай “хэлцэл” хийж, тодорхой хэмжээний бензин Монголд орж ирэхээр болсон гэдэг.

Петровис ойл ХХК-ийн захирал О.Содбилэг:

-ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ХУВИЙН ХЭВШИЛ ШИЙДСЭН ЮМ УУ, Д.СУМЪЯАБАЗАР ШИЙДСЭН ЮМ УУ-

Ингээд өнгөрөгч Бямба гараг /2021.09.25/-т шатахууны худалдаа эрхлэгчид Ашигт малтмал газрын тосны газар /АМГТГ/-тай хэлэлцээр хийсэн байгаа юм. Тэд одоо ирж байгаа шатахууныг ямар үнээр худалдах талаараа ч ярилцсан байх талтай. Харин АМГТГ-аас тус уулзалтын талаар мэдээлэл хийхдээ, “Даваа гараг /2021.09.27/-т шатахууны борлуулалтыг хэвийн горимд оруулах чиглэл өгсөн. Компаниуд шатахууны борлуулалтаа хэвийн горимд шилжүүлэхээ илэрхийллээ” гэж мэдэгдсэн.

Тэгвэл шатахуун ирэх сургаар манай зарим дарга нар “нийлүүлэлт, тээвэрлэлтэд чухал нөлөө үзүүлсэн” гэх мэдээлэл гарч эхлэв.

Тухайлбал, “хотын дарга Д.Сумъяабазар Роснефьтийн гүйцэтгэх захирал Игорь Сечинтай шатахууны талаар ярьсан. Бараг л хотын дарга утсаар яриад Монголын шатахууны нийлүүлэлтийг шийдсэн” гэх утгатай мэдээллийг зарим иргэд өөрийн сошиал хаягтаа нийтэлжээ.

Учир нь Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч өөрийн твиттер хуудастаа, “Д.Сумъяабзарт Роснефьтийн гүйцэтгэх захирал Игорь Сечинаас ийм захидал ирсэн гэж мэдэгдэв. Тус захидалд, “ах дүүгийн харилцаатай ард түмэн хямралаас гарахад тусалж, хөдөлгүүрийн шатахууны нийлүүлэлтийг хангахад шаардлагатай бүх арга хэмээ авах болно” гэжээ.

-ЗАМ ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН ЯАМНЫ “СҮРЖИН” МЭДЭЭЛЭЛ ХЭНИЙГ “ОГШООХ” ГЭЭД БАЙНА ВЭ-

Мөн Зам тээврийн хөгжлийн яамнаас шатахууны тээвэрлэлтийн талаар дараах мэдээллийг хүргэсэн нь зарим иргэдийн дургүйцлийг хүргэв. Тухайлбал, “ОХУ-ын Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс ачигдсан 20 вагон 1212 тонн шатахууныг Суховская өртөөнөөс тусгай зүтгүүрээр суудлын галт тэрэгний хурдаар тээвэрлэсэн бөгөөд өнөөдөр буюу 9 дүгээр 26-ны өдрийн 17.00 цагт Сүхбаатар өртөөгөөр хүлээн авлаа” гэж мэдэгдсэн.

Үнэндээ манай улс 20-хон ширхэг вагонцистерн бензин хараад баярлаж байна гэдэг бол төрийн бодлого, ажлынх нь чадамж ямар доод түвшинд орсны илрэл.

Товчхондоо, өнөөдрийн үүсээд байгаа шатахууны хомстол, гарч буй мэдээлэл нь “манай өнөөгийн Засгийн газар, сайд, дарга нарын чадвар, үнэн нүүр царай нь. Ийм мэдээнд огшдог, би шийдсэн гэхээр итгэдэг иргэд олон байгаа нь юу л бол.

Мөн ОХУ-ын талаас шатахууны экспортоо хязгаарласан тул манай зарим хувийн хэвшлийнхэн БНХАУ-ын Петрочайна компаниас шатахуун худалдан авах гэрээ хийсэн ч өнөөх нь төмөр замын тээвэрлэлттэй холбоотой гацаад байсан гэх мэдээлэл бий.

Иймд манай улсад суугаа Хятадын ЭСЯ-ны зүгээс өөрийн улсынхаа төмөр замын холбогдох байгууллагуудад уламжилж, тус асуудал хурдтай шийдэгдсэн байгаа юм. Мөн энэ ажилд Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн гүйцэтгэсэн үүрэг их байсан гэдэг. Учир нь тэрээр БНХАУ, ОХУ-ын элчин сайд нартай уулзсан байдаг.  

Тэгвэл БНАХУ-аас ирж буй шатахууны талаар ЗТХЯ-наас “Монгол Улс руу хийгдэх хангалт, ачилтыг найдвартай гүйцэтгэхийн тулд Хөххот дахь нефть боловсруулах үйлдвэр дотоодын ачилтаа түр зогсоож, Хөххотын төмөр зам зогсолтгүй явах тусгай график гаргаж, Монголд экспортлох ажилд анхаарч тусалж байна” гэж ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур Замын-Үүдээс мэдээллээ” гэж сүржигнэсэн юм.