ВИДЕО: Шатахуун хомстоод байхад Г.Занданшатар дарга юу хийж яваа нь тодорхойгүй “Алим” ярьчихсан АНУ-д тэнэж явлаа

ВИДЕО: Шатахуун хомстоод байхад Г.Занданшатар дарга юу хийж яваа нь тодорхойгүй “Алим” ярьчихсан АНУ-д тэнэж явлаа

Монгол Улс шатахууны хомстолд орж, иргэд 30 мянган төгрөгт жаахан бензин авахын тулд шатахуун түгээх станцуудын гадна хонон, өнжин дугаарлаж байна.

-ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ИРЭХ ШАТАХУУНЫГ ДОТООДОД ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАХ ТАЛААР “ТӨР”-ТЭЙ ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ХЭЛЦЭЛ ХИЙНЭ ГЭХ МЭДЭЭЛЭЛ БАЙНА-

Харин хувийн хэвшлийн төлөөлөл болох Петровисын О.Содбилэг, Шунхлай ХХК-ийн захирал Ж.Мөнхнаран, “Магнай трейд”-ийн Д.Алтан-Очир нарын хүмүүс Москвад очиж Оросын Роснефть компанийн удирдлагуудтай уулзаж, түрүүчээсээ ирэх долоо хоногт Монголд бензин орж ирэхээр болоод байна. Тэдэнтэй хамт Засгийн газрын сайд биш Уул уурхайн яамны газрын дарга, АМГТГ-ын хэлтсийн дарга гэсэн хоёр хүн л хамт явсан байгаа юм. Энэ хоёр эрхэм үнэндээ асуудал шийддэг бус, мэдээлэл дамжуулах үүрэгтэй байхыг ч үгүйсгэхгүй.

ОХУ руу хэлцэл хийхээр явсан хувийн хэвшлийн төлөөлөл. Москва хот

Тэгвэл хувийн хэвшлийнхний олж ирж байгаа бензин хэдэн төгрөгөөр дотоодод борлуулагдах нь тодорхойгүй, АИ-98 бензин шиг гэнэт 3500 төгрөгөөр л битгий зараад эхлээсэй гэж залбирах л үлдэж байна.

Учир нь ОХУ руу явсан хувийн хэвшлийн төлөөллүүдийн эхний ээлж өнөөдөр /2021.09.25/ Монголд ирж байгаа аж. Ингээд ирэх долоо хоногт тэд “ОХУ-аас олж ирсэн шатахуунаа хэдэн төгрөгөөр худалдах талаар Засгийн газартай хэлэлцээр хийнэ” гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

-УИХ-АА ХУРАЛДУУЛЖ, ХАРИУЦЛАГА АЛДСАН САЙДЫН АСУУДЛЫГ ХӨНДӨЖ, ҮНИЙГ ТОГТВОРТОЙ БАРИХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙХ ЁСТОЙ БАЙТАЛ Г.ЗАНДАНШАТАР “АЛИМ” ЯРЬЧИХСАН АНУ-Д ТЭНЭЖ ЯВЛАА-

Тэгвэл шатахууны хомстолд орж эмнэлэг, цагдаа, ургац хураалт, тээвэр зогсох эрсдэлд ороод байхад төрийн гурван өндөрлөгийн хоёр нь энэ долоо хоногт гадаадад айлчилж байлаа. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор АНУ руу явсан бол, УИХ-ын дарга Г.Занданшатар “юу хийж яваа нь тодорхойгүй” тус улсад мөн явж байв.

Товчхондоо,  НҮБ-ын хурал товлосон цаг хугацаатай, мөн Х.Баттулга НҮБ-ын хуралд бараг оролцоогүй гэдэг тул Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зайлшгүй оролцох нь зүйн хэрэг ч, УИХ-ын дарга Г.Занданшатарын тус улсад яваа ажлын зорилго тодорхойгүй, хойшоо монгол руу ер санаа зовсон шинжгүй “apple гэдэг чинь алим гэсэн үг байхгүй юу” гээд ярьчихсан яваад нь зарим иргэд түүнд дургүйцэж байв.

Угтаа бол УИХ-ын дарга Г.Занданшатар энэ хүнд цаг үед УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж, хариуцлага алдсан Засгийн газрын сайдыг огцруулах асуудлыг хөндөж, дотооддоо шатахуун болон бусад барааны үнийг тогтвортой байлгахын тулд ямар хууль гаргах талаар хэлэлцэж, парламентын түвшинд арга хэмжээ авч байх ёстой байтал тэр тэгсэнгүй, “алим” гэсэн тэнэг юм яриад ардчиллын өлгий АНУ-д үндсэндээ тэнэж явлаа.  

Учир нь шатахууны хомстолоос үүдэн талх 200, өндөг 100, гурил будаа 100-150 төгрөгөөр тус бүрдээ нэмэгдээд байгаа юм. Мөн өнөөдөр үүсээд байгаа шатахууны хомстлыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар түрүүлээд таамаглачих боломжтой л байсан.

Учир нь өнгөрөгч долдугаар сараас эхлээд ОХУдотооддоо шатахууны үйлдвэрлэлээ бууруулж, экспортоо хязгаарлах тухай хэлж анхааруулсаар ирсэн байдаг. Харин энэ долоо хоногт АН-ын зүгээс УИХ-ын чуулганыг хуралдуулж, үүсээд буй хямралт нөхцөл байдлыг сонгогч түмний нүдэн дээр нээлттэй авч хэлэлцэхийг шаардаж эхлээд байна. Мөн тэд тус шаардлагыг биелүүлэхгүй бол аравдугаар сарын 01-нд Засгийн газрыг огцруулах жагсаалыг хийнэ гэдгээ мэдэгдлээ. Харин УИХ-ын дарга Г.Занданшатараас ямар нэг хариу мэдэгдэл өнөөдрийг хүртэл хийгээгүй байна.