Ж.Сандагсүрэн: Тусгай хөтөлбөртэй сургалтын асуудлыг салбарын хүрээнд шийдвэрлэнэ

Ж.Сандагсүрэн: Тусгай хөтөлбөртэй сургалтын асуудлыг салбарын хүрээнд шийдвэрлэнэ

Кембрижийн хөтөлбөрийг дэлхийн олон сургуульд хүлээн зөвшөөрдөг учраас, шалгалтаа өгөөд өөрийн боловсролын төвшинг хүлээн зөвшөөрүүлж, гадаадын их дээд сургуульд орох боломжоо нэмэгдүүлдэг гэдэг. Харин нөгөө талд Монголын боловсролыг кембрижийн, лаборатори сургуулийн гэж олон хэсэг ялгаварласнаар боловсрол нийгмийн тэгш бус байдлыг дэвэргэж, нийгмийн хэт зөрүүтэй байдал нь хойшид нийгэм эдийн засгийн том хохирлыг дагуулах үндэс болно гэж Боловрол судлаач Г.Орхон тэмдэглэсэн байдаг.

Манайд кембрижийн хөтөлбөрөөр сургалт явуулдаг Шинэ эрин, Шинэ эхлэл (6-12), Монгол тэмүүлэл (9-12) ЕБС-ууд бий. Харин эдгээр сургуулиуд элсэн суралцах гэсэн сурагчдын тоо хязгааргүй, нэлээн өрсөлдөөн болдог. Иймд зөвхөн мөнгөтэй айлын хүүхдүүд хувийн сургуульд заалгадаг олон улсын хөтөлбөрөөр жирийн айлын сурлага сайтай хүүхдүүдийн цөөн хэсэг суралцах боломжийг нэмэгдүүлж байна гэж үздэг.

Тэгвэл Нийслэлийн засаг даргын хоёрдугаар орлогч буюу Хүний хөгжил, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, есдүгээр сарын 5-ны өдөр “Тусгай сургуулийг зогсооно. Ямар ч Кэмбриж, орос сургууль байхгүй. Тусгай сургалт хэнд зориулагдав” гэж жиргээд олны шүүмжлэлд өртсөн. Удалгүй тэрбээр жиргээгээ устгасан юм.

Харин өнөөдөр Ж.Сандагсүрэн энэ талаараа тайлбар өгөв.
“Боловсролын салбарт тэгш бус байдал бий болсныг Боловсрол, шинжлэх ухааны сайд ч хүлээн зөвшөөрсөн. Тухайлбал, орон нутгийн сургууль жилд нэг хүүхдэд 300 орчим мянган төгрөгийг зарцуулж байгаа бол Кембрижийн сургуульд сурч байгаа хүүхэд гурван сая төгрөг зарцуулан ялгавартай байдлыг бий болгож байна. Үүнээс үүдэн эцэг, эхчүүд их мөнгө зарцуулж, чанартай гэж үзэж буй сургуульдаа хүүхдээ оруулах гэж хичээдэг болсон. Энэ асуудлыг боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд шийдвэрлэнэ гэж ойлгож байгаа. Тиймээс үүнийг салбарын яам дээр тусдаа ярина” гэлээ.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө