У.Хүрэлсүх М.Уранцэцэгтэй утсаар ярьсан бол, Саид Моллайд “мэдээлэл оруулалгүй удсан” твиттертээ баяр хүргэжээ

У.Хүрэлсүх М.Уранцэцэгтэй утсаар ярьсан бол, Саид Моллайд “мэдээлэл оруулалгүй удсан” твиттертээ баяр хүргэжээ

“Токио 2020” зуны олимпийн жүдо бөхийн 81 кг жинд хүч үзсэн, Монгол Улсын иргэн Саид Моллай мөнгө медаль хүртсэн билээ.

Олимпийн мөнгөн медаль хүртсэн Саид Моллайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн твиттер хуудсаараа дамжуулж, “Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөж Токиогийн олимпын наадмаас мөнгөн медаль эх орондоо авчирсан Саид Моллайд нийт ард түмнийхээ өмнөөс талархал илэрхийлж халуун баяр хүргэе” гэсэн мэндчилгээ хүргэсэн.

Гэтэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус твиттер хуудастаа 2020 оны есдүгээр сараас хойш ямар ч мэдээлэл нийтлээгүй бөгөөд арван сарын дараа Саид Моллайд хандаж мэдээлэл оруулсан нь энэ юм. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэгтэй утсаар ярьж “Алтын дайтай хүрэл медаль хүртсэнд халуун баяр хүргэе” гэсэн бол, Саид Моллайд ийнхүү мэдээлэл оруулалгүй удсан твиттер хаягаараа дамжуулж “баяр хүргэсэн” байгаа юм. Энэ нь зарим иргэдэд Монгол Улсын тамирчдаа ялгаварлаж, үл хүндэтгэсэн явдал юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа ажээ.

Сонирхуулахад, Ираны засгийн газар Саид Моллайг 2019 оны Дэлхийн АШТ-ий шигшээ барилдаанд, тус тэмцээнд түрүүлсэн Израилын Саги Мукитэй барилдуулахгүйн тулд хагас шигшээ барилдаанд албаар ялагдахыг тушаасан. Түүний хариуд Моллай тэмцээн дууссаны дараа Иран руугаа буцаагүй бөгөөд 2019 оны 8 дугаар сард Германд очиж, 2 жилийн дүрвэгчийн визтэй орогнож байгаад, 2019 оны 12 дугаар сард Монгол Улсын иргэн болсон юм. Түүнийг манай улсын иргэн болоход Ерөнхийлөгч асан Х.Баттулга тусалж дэмжсэн гэдэг.