Хэнтий аймагт Б.Гарамгайбаатар АН-аас, Сонгинохайрхан дүүрэгт Х.Баттулга бие дааж нэр дэвших үү

Хэнтий аймагт Б.Гарамгайбаатар АН-аас, Сонгинохайрхан дүүрэгт Х.Баттулга бие дааж нэр дэвших үү

Ирэх аравдугаар сар /2021.10/-д У.Хүрэлсүхийн орны суудалд Хэнтий аймагт, Д.Сумъяабазарын  орны суудалд Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль болох гэж байна.

Иймд ирэх наймдугаар сарын 15-нд /ойролцоогоор/ гэхэд улс төрийн намууд “нөхөн сонгуульд оролцох эсэхээ Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-нд уламжилж, ирэх есдүгээр сарын 5-ны /ойролцоогоор/  өдөр гэхэд нэр дэвшигчээ алба ёсоор зарлах” учиртай.

-АН-ААС НЭР ДЭВШИГЧДИЙН НЭР ЯРИГДАЖ ЭХЭЛЖЭЭ-

Тэгвэл М.Тулгат, С.Эрдэнэ нарын АН-ын зүгээс нөхөн сонгуульд бэлдэж тодорхой уулзалтууд хийж, нөхөн сонгуулийн бэлтгэл ажилдаа орж байгаа бололтой. Тодруулбал, С.Эрдэнэ, Б.Гарамгайбаатар нарын тэргүүтэй хүмүүс саяхан Хэнтий аймагт очиж АН-ын зарим гишүүдтэй уулзсан байна. Мөн нөхөн сонгуульд хэн нэр дэвших талаар ч яригдаж эхэлсэн байна.

"Ардчилсан намын удирдлагууд С.Эрдэнэ, Б.Гарамгайбаатар, Л.Нармандах, Д.Эрдэнэсувд нар Хэнтий аймагт ажиллалаа" гэсэн албаны мэдээ гарчээ. 2021.07.24

Тухайлбал, Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд С.Эрдэнийн АН-аас Б.Гарамгайбаатарыг, харин О.Цогтгэрэлийн АН-аас М.Хүдэрбаатарыг нэр дэвшүүлэхээр бэлдэж байгаа ажээ. Харин Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд Г.Очирбатын нэр яригдаж байгаа ч тэрээр О.Цогтгэрэлийн АН-ын Сонгинохайрхан дүүрэг дахь намын хорооны дарга гэх албан тушаалыг хашиж байгаа аж. Иймд тэрээр С.Эрдэнэ, М.Тулгат нарын АН-тай нэгдэхгүй бол, дэвших боломж олдохгүй байх талтай аж. Тодруулбал, саяхан болж өндөрлөсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар СЕХ “С.Эрдэнэ АН-ын даргаар бүртгэлтэй байгаа АН-ыг албан ёсных” гэж үзсэн. Иймд О.Цогтгэрэл нарын АН “нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн ч СЕХ-нд хүлээж авахгүй” гэсэн үг юм.

-НӨХӨН СОНГУУЛЬД Х.НЯМБААТАР, Л.ОЮУН-ЭРДЭНЭТЭЙ ӨРСӨЛДӨХ НЬ-

Ирэх аравдугаар сард болох УИХ-ын нөхөн сонгуульд АН ялалт байгуулах нь эргэлзээтэй. Учир нь Хэнтий аймаг бол Л.Оюун-Эрдэнийн тойрог, харин Сонгинохайрхан дүүрэг Д.Сумъяабазарынх гэдэг ч үнэндээ Х.Нямбаатарын тойрог болсон МАН дотор яригдах болжээ.

Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нартай Хэнтий, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд өрсөлдөнө гэсэн үг.

Харин нөгөө талд Ерөнхийлөгч асан Х.Баттулга бие дааж, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд өрсөлдөж магадгүй байгаа аж. Энэ тохиолдолд түүнд Д.Сумъяабазар болон Г.Очирбат нар хүч өгнө гэсэн үг. Сонирхуулахад,Д.Сумъябазарыг хотын даргын албан тушаалаас нь огцруулах саналыг ХҮН-аас НИТХ-д сонгогдсон Л.Наранбаяр нар өргөн барих гэсэн ч НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд гарын үсэг зураагүй гэдэг. Тодруулбал, НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга Д.Сумъяабазарын эсрэг гарын үсэг зуруулаагүй байж болзошгүй гэдэг. Энэ нь Д.Сумъяабазар Х.Баттулга нар улс төрийн хувьд хамтарч магадгүйг илэрхийлж байгаа юм.