Японы Ерөнхий сайд эв найрамдлыг бэлгэдэж Л.Оюун-Эрдэнэд Акита үүлдрийн нохой дурсгажээ

Японы Ерөнхий сайд эв найрамдлыг бэлгэдэж Л.Оюун-Эрдэнэд Акита үүлдрийн нохой дурсгажээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 23-26-нд Япон Улсад албан ёсны айлчлал хийсэн.

Тэрээр ажлын айлчлал хийх үеэрээ Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсоор уулзалт хийсэн юм. Энэ үеэр Японы Ерөнхий сайд Ё.Сүга олимпын наадмыг зохион байгуулах түүхэн сорилттой үед биечлэн хүрэлцэн ирсэнд талархаж найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болгон Акита үүлдрийн нохойг бэлэглэсэн байна. Мөн үнэнч байдлын бэлгэ тэмдэг болсон алдарт Хачико нохой нь Акита үүлдрийнх юм.

Харин энэ удаа коронавируст халдварын эрсдэлээс сэргийлж Акита үүлдрийн нохойн чихмэлийг дурсгахаар болжээ. Ингэхдээ Япон Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан Ерөнхий сайдад хүргүүлсэн юм. Мөн үүнээс гадна бэлгийн нохойг цар тахал намжих үед илгээхээ уламжилсан байна.

Сонирхуулахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ буцах замдаа БНСУ-д саатаж, БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-той ажлын уулзалт хийнэ. Хоёр улсын Ерөнхий сайд нар цар тахлын хариу үйлдлийн менежмент, иргэдийн харилцан зорчих журам болон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцох аж.