Одоогоос яг долоо хоногийн өмнө коронавирусийн халдвартай 35 настай иргэн Р нийслэлийн “Энэрэл” эмнэлэгт тусламж гуйж очоод, хашаанд нь амиа алдсан хэрэг гарсан. Энэ үйл явдалд иргэд ихээхэн бухимдаж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарыг буруутгаж байсан ч төд удалгүй анхаарал нь өөр үйл явдалд төвлөрсөн юм.
-СУМЫН ЗАСАГ ДАРГЫГ БАРИВЧИЛЖ, ДУНД ШАТНЫ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ХАЛАХЫН ОРОНД С.БАТБОЛД, С.АМАРСАЙХАН НАРЫГ ОГЦРУУЛАХ БАЙСАН УУ-
Энэ нь Замын-үүд боомтод Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хууль зүй дотоод хэрэг /ХЗДХ/-ийн сайд Х.Нямбаатар нар ажиллаж Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр тэргүүтэй төрийн зарим алба хаагчдыг АТГ-аас саатуулсантай холбоотой. Учир нь энэ үеэр “баривчилгаа” нэртэй лайв цацагдаж, хуулийн байгууллагын гүйцэтгэх ажиллагааг олон нийтэд харуулав. Товчхондоо, цагдаа, АТГ-ын зарим гүйцэтгэх ажиллагаа хаана явагдахыг нь зарим хэвлэлүүд урьдчилаад мэдчихсэн, очиж сурвалжилж, энэ үйл явдлаар “улс төрчид өөртөө оноо цуглуулдаг” болоод байгаа билээ. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Замын-Үүдийн мафитай тэмцэнэ” гэж мэдэгдсэн юм.
Харин Замын-Үүдэд болсон тус үйл явдлыг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Нэг муу сумын даргыг айлгаж хэдэн байцаагчийг самарчихаад “Засгийн газар Замын-Үүдийн мафитай тэмцэнэ” ч гэх шиг. Сумтайгаа тэмцдэг Засаг гэж байдаггүй юмаа. Зүгээр Сү.Батболдоо гишүүнээс нь чөлөөлөөд, түүний хадам дүү Гаалийн Ерөнхий газрын даргаас эхэлсэн бол сая мафитай тэмцлээ гэж тодорч болно оо” гэж дүгнэсэн юм.
Тодруулбал, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Замын-Үүд боомтод ажиллах үеэр хил, цагдаа, гааль, мэргэжлийн хяналт зэрэг зарим төрийн албаны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл Гаалийн ерөнхий газрын удирдлагад УИХ-ын гишүүн С.Батболдын, Мэргэжлийн хяналтын газрын удирдлагад Шадар сайд С.Амарсайханы, Хил, Цагдаагийн удирдлагад Х.Нямбаатар нарын хамааралтай хүмүүс томилогдсон байж болзошгүй талаар эх сурвалж мэдээлжээ. Иймд сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “баривчилгаа” шоуг ийнхүү тодорхойлсон бололтой.
-“БАРИВЧИЛГАА” ЛАЙВЫН ДАРАА БНХАУ ХИЛЭЭ АМРААЖ, АЧААНЫ ТЭЭВРИЙН ҮНЭ ӨССӨН ҮҮ-
Харин ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Замын-Үүд боомтод ажиллах үеэрээ “Долдугаар сарын 9-нөөс эхлээд ес хоног улс орон даяар амарна. Гэхдээ Замын Үүд боомт бүх нийтийн амралтын өдрүүдэд ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ асуудлыг Засгийн Газарт хүргүүлнэ" гэж мэдэгдсэн юм.
Гэтэл Замын-Үүдтэй хил залгадаг БНХАУ-ын Эрээн боомт энэ сарын 11 -ны өдрөөс эхлэн тав хоног /2021.07.11-16/-ийн хугацаанд амарч, хилээ хаах болсон гэж мэдэгдлээ. Энэ нь Замын-Үүд боомтын төрийн алба хаагчид баяр наадмын өдрүүдэд ажиллах нь ямар ч үр дүнгүй болсон гэсэн үг юм.
Нөгөөтэй, Х.Нямбаатар сайд ажиллаж Замын-Үүд боомтын зарим төрийн албаны удирдлагуудыг үүрэг ажлаас нь чөлөөлсний дараа тээврийн үнэ огцом өссөн талаар эх сурвалж мэдээлжээ. Тухайлбал, “Эрээн-Улаанбаатарын ачаа тээврийн үнэ 6 сарын өмнө 7000 юань байсан. Аажим өссөөр 25000 байх үед С.Амарсайхан очоод 35000, дараа нь Халтар сайд нь очоод 45000 юань, уржигдар Оюун-Эрдэнэ очоод 60000, өнөөдөр Нямбаатар очоод 80000 юань боллоо гэнэ” гэж гэсэн юм.
Эрээн-Улаанбаатарын ачаа тээврийн үнэ 6 сарын өмнө 7000 юань байсан.
— Tumurkhuu (@Tumurs) July 6, 2021
Аажим өссөөр 25000 байх үед С.Амарсайхан очоод 35000, дараа нь Халтар сайд нь очоод 45000 юань, уржигдар Оюун-Эрдэнэ очоод 60000, өнөөдөр Нямбаатар очоод 80000 юань боллоо гэнэ.