Цар тахлын энэ үед эмч нарын цалинг нэмэхийг шаардсан жагсаал өнөөдөр /2021.07.09/ Сүхбаатарын талбайд 11 дэх өдрөө үргэлжилж байна. Учир нь эмч нарын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх зөвшилцөлд хүрсэн гэж ЭМЯ-наас мэдэгдсэн ч, үүнийг тэд худал гэж буй юм.
Энэ талаар Ө.Анхболд “Бидэнд үр дүнгийн урамшуулал олгохоо больсон. Түүнийг олгохоор болсноо цалин 20 хувиар нэмсэн гэж ойлгуулж, худал мэдээлэл тарааж байна. Мөн улаан бүсэд ажиллаж буй эмч нарын илүү цагийн цалинг гурав дахин нэмснээ үндсэн цалинг нэмсэн мэт худал ойлгуулж байна” гэсэн юм.
Тэгвэд Монголын Үйлдвэрчний эвлэлийн дэд ерөнхийлөгч Б.Эрдэнэбат “Төр засгийн зүгээс олон нийтийг төөрөгдүүлж, эмч нарын цалинг нэмсэн мэт ташаа мэдээлэл гаргасаар байна. Ерөнхийлөгчид шаардлагаа удаа дараа хүргүүлсэн. Гэвч хүрсэн эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс бид өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийн биеэр гарч ирж бидний шаардлагыг хүлээн авахыг хүсч байна. Хэрэв өнөөдөр бидний шаардлагыг биечлэн хүлээж авахгүй бол цаашид бүх эмч, ажилчин ажил хаяна” гэж мэдэгдлээ. Тэдний шаардлага шийдэгдэхгүй бол Улсын баяр наадмын амралтын өдрүүдэд ч суултаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдээд байна.