Өмнөх засгийн газрын үед ДӨРВӨН САЯ тун Модерна вакцин авахаас татгалзжээ

Өмнөх засгийн газрын үед ДӨРВӨН САЯ тун Модерна вакцин авахаас татгалзжээ

Ковид 19 цар тахалтай дэлхийн хүн ам тэр чигтээ тэмцсээр хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Шинэ төрлийн вирусийн өвчлөлөөс сэргийлэхийн тулд хөл хорио, халдвар хамгааллын дэглэмээс гадна вакцин хэрэглэх нь авралын гарц хэмээж байв.

Үүнтэй холбоотойгоор 2021 оны нэгдүгээр сараас эхлэн Модерна, Файзер, АстраЗенека зэрэг өндөр үр дүнтэй вакцинуудын туршилтын шат дуусч ДЭМБ-аас зөвшөөрөл олгосноор бүх нийтийн дархлаажуулалтад ашиглах хэмжээнд хүрсэн.

      -2021 ОНЫ ЕСДҮГЭЭР САРД ДӨРВӨН САЯ ТУН МОДЕРНА ВАКЦИН АВАХ БОЛОМЖ БАЙЖЭЭ-

Харин Монгол Улсын хувьд дархлаажуулалтын ажил хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн юм. Эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулснаар тус ажил цааш насанд хүрсэн бүх иргэнээ хамруулах хүртэл үргэлжилжилж буй. Одоогийн байдлаар манай улс зургаан /Файзер, АстраЗенека, Спутник V, Спутник Лайт, Вероцелл, Модерна/ төрлийн вакциныг улсын эмийн бүртгэлдээ хүлээн авсан. Тэгвэл үүнээс өмнө буюу 2020 оны 12-р сард Оном сангийн захирал, доктор Д.Наранбаатар вакцин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Модерна компанийн гүйцэтгэх захирал Стефань Банселтай уулзалт зохион байгуулж, санал солилцсон юм.

Үүний үр дүнд 2021 оны есдүгээр сард дөрвөн сая тун вакцин Монголд нийлүүлэх зөвшөөрлийг эхний байдлаар авсан байдаг. 

Хамгийн чухал нь энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газрын албаны хүмүүсийг "Модерна" компанитай холбож өгөх гарцыг нээж өгсөн үйл явдал байв. Тус сангийн зүгээс хандив тусламж гуйх бус шууд худалдан авалтаар вакциныг эх орондоо татаж авчрах нь хамгийн оновчтой бөгөөд зөв гарц байсныг дурдаж байсан.

Модерна компаний захирлаас ирсэн 4 сая тун худалдахыг зөвшөөрсөн мэйл

Улмаар тухайн үеийн Сангийн яаманд энэ саналыг 2021 оны нэгдүгээр сарын 15-нд  хүргүүлсэн байна. Гэвч тухайн үеийн засгийг барьж асан эрх мэдэлтнүүд дорвитой хариу өгөхгүй  байсаар тэр боломжийг алдсан юм. Ингэснээр Монгол Улс Модерна үйлдвэрийн вакциныг худалдан авах боломжоо 2022 он хүртэл хойшлуулжээ.

  -ЭМИЙН БҮРТГЭЛДЭЭ ЗӨВШӨӨРСӨН Ч ХУДАЛДАН АВАХЫГ ЗӨВШӨӨРСӨНГҮЙ-

Учир нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас ирэх вакцины захиалга их байгаа юм. Их гүрнүүд  манай улсаас хэдэн арав дахин их  хүн амтай тул дараалал сар өдрөөр бус жилээр хойшилж буй нь энэ. Өнөөдрийн байдлаар улсын зардлаар ч хувийн хэвшлийн шугамаар ч Модерна үйлдвэрийн вакцин орж ирсэнгүй. АНУ-ын "Модерна" компанийн боловсруулсан коронавирусийн эсрэг “mRNA1273” вакцин клиникийн гуравдугаар шатны судалгаандаа 95 хувийн үр дүнг үзүүлсэн. Бүх нийтийн дархлаажуулалтад хүлээн зөвшөөрөгдсөн вакцинууд дөрөв дэх шатны туршилтаа амжилттай давсан байх шаардлагыг хангадаг юм. Өнөөдрийн байдлаар/ 2021-07-08/ Монгол Улс нийт зорилтот хүн амынхаа/12-оос дээш насны иргэд/ 54.6 хувийг вакцинжуулаад байна. ДЭМБ-ийн зөвшөөрөлтэйгөөр 12-17 насны хүүхдүүдийг Файзер вакцинаар дархлаажуулж байгаа ч хүн амынхаа дийлэнхи хэсэгт Синофарм үйлдвэрийн Вероцелл вакцин тарьсан. 

 -ҮЛДЭГДЭЛ НӨӨЦ ВАКЦИН БАЙГАА Ч БИД АХИН НЭГ САЯ ГАРУЙ ТУНГ ХУДАЛДАН АВАХ ШААРДЛАГАТАЙ-

0-оос дээш насны бүх иргэдээ хоёр тунд хамруулахын тулд бид нийтдээ ЗУРГААН САЯ 506 мянга орчим тун вакцин авах шаардлагатай. Харин үүний ДӨРВӨН САЯ 300 мянган тунг Вероцелл вакцинаар бүрдүүлсэн. Бусад таван вакциныг нийлүүлэх юм бол нийт шаардлагатай вакциныхаа 77.02 хувийг бүрдүүлчихсэн байгаа юм. Үүний цаана бидэнд ахин НЭГ САЯ 484 мянга гаруй тун вакцин хэрэгтэй. Хүн амынхаа 50-аас илүү хувийг бүрэн дархлаажуулсан ч халдварын тархалт болон нас баралт буурахгүй байгаа шалтгааныг Хонгконгийн судлаач дүгнэхдээ Монголчуудад тарьсан Вероцелл вакцин нь халдвараас төдийлэн хамгаалах чадвартай бус харин халдвар авсаны дараа хүндрэлээс сайн хамгаална хэмээн дурдаж байв. Тус нийтлэлийн орчуулгыг уншихийг хүсвэл энд дарна уу.

-ХҮНД, НЭН ХҮНД ӨВЧТӨНГҮҮДИЙН ТОО ИХЭССЭН Ч ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИАНД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛГҮЙ ГАЦААЖ БАЙВ-

Ахин өөр нэг жишээ дурдвал ‘’Монос’’ групп коронавирусийн эсрэг “Remdesivir” тариаг оруулж ирэхээр ОХУ-ын үйлдвэрээс татсан ч ЭМЯ-аас зөвшөөрөл аваагүй шалтгаанаар импортоор оруулж ирэхийн өмнө хил дээр гацсан. “Remdesivir” нь вирусээр өвчилсөн хүмүүсийг хүндрэлээс сэргийлэх, хүндэрсэн тохиолдолд эмнэл зүйн үр дүнгээ хамгийн сайн үзүүлсэн  тариагаар шалгарч 2020 оны зунаас эхлэн олон оронд ашиглагдсан байдаг. Монгол Улсын Засгийн газар хүн амынхаа эрүүл энхийн төлөө шийдвэр гаргах ёстой ч аль үр дүн өндөртэй гэсэн бүтээгдэхүүнээс татгалзаж буйн учир юу вэ?




Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө