УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын дэд даргаар Г.Азжаргалыг томилох асуудлыг хэлэлцэн, түүнийг АТГ-ын дэд даргаар томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.
Г.Азжаргал гэж хэн бэ?
Г.Азжаргал нь 1984 онд Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, яс үндэс халх. Дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй, ам бүл 4. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1992-2001 онд Монгени бүрэн дунд сургууль, 2002-2007 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны дээд сургуулийг төгссөн. Мөн 2011 онд АНУ-ын Ази номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвд терроризмтой тэмцэх чиглэлээр, 2013 онд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны үндэсний академид үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр, 2017 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын институтэд тус тус мэргэшил дээшлүүлжээ.
Ажилласан байдал:
- Тэрбээр 2002-2007 онд сонсогч
- 2007-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч
- 2014-2015 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 3-р тасгийн дарга
- 2015-2016 онд Эрүүгийн цагдаагийн газарт тасгийн дарга,
- 2016-2018 онд Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн тасгийн дарга,
- 2018 оноос одоог хүртэл Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байна. Г.Азжаргал нь цагдаагийн байгууллагад 9 жил, Авлигатай тэмцэх газар 5 дахь жилдээ, хууль сахиулах байгууллагад 14 дэх жилдээ ажиллаж байгаа юм байна.