Энэ долоо хоногийн Пүрэв /2021.07.01/ гарагт Сүхбаатарын талбайд залуус цугларч, #no naadam жагсаалыг зохион байгуулсан.
Харин тус өдөр УОК хуралдаж, “улсын баяр наадмыг хойшлуулах шийдвэр гаргасан. Засгийн газраар хэлэлцүүлнэ” гэж мэдэгдсэн билээ. Харин өчигдөр /2021.07.02/ Засгийн газар хуралдаж, энэ жилийн наадмыг хойшлуулах шийдвэр гаргасан юм.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Наадам хойшлох мэдээлэл задарч, зарим иргэд жагссан. Жагсаал болоод наадмыг хойшлуулсан зүйл байхгүй” гэсэн утгатай байр суурийг илэрхийлжээ.
Тэрээр, “Жагсаал болоод шийдсэн юм биш. 16 мянган хүн цуглаад асар их хөдөлгөөн хотод ирээд буцах нь. Олимпыг хойшлуулж болсон юм наадмаа хойшлуулъя гэж ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөн над дээр орж ирж хэлсэн. Би үүнийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болон хэд хэдэн албан тушаалтнуудад хэлсэн. Гэтэл энэ мэдээлэл задарсан юм шиг байгаа юм. Тэгээл яахав дээ, наадам цуцлагдах, хойшлох нь ойлгомжтой болсон үед тэрийг мэдсэн эрчимтэй асуудал босож ирсэн” гэжээ.