ВИДЕО: У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын нэр хүндийг Х.Нямбаатар, Ж.Болд хоёр л хорлоод байна уу даа

ВИДЕО: У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын нэр хүндийг Х.Нямбаатар, Ж.Болд хоёр л хорлоод байна уу даа

Үндсэн хуулийн 16.16-д “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж заасан.

Товчхондоо, иргэн үзэл бодлоо илэрхийлж, тайван жагсаал, цуглаан хийх эрхээ даргаас асуухгүй, харин дарга тэдний аюулгүй байдлыг хангах үүргийг журмаар зохицуулна гэж зарим хуульчид тайлбарладаг.

-ЦАГДААГИЙН ҮЙЛДЭЛ МАН, У.ХҮРЭЛСҮХ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАРЫН РЕЙТИНГИД НӨЛӨӨЛЖ БАЙНА УУ-

Тэгвэл сүүлийн хоёр долоо хоног /2021.06.25-07.01/ -т #үндэсний гашуудал #no naadam, #тэвчээр тасарлаа, #yes naadam гэсэн лоозонтой иргэдийн тайван жагсаал болж өндөрлөлөө. Харин энэ үеэр үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд гаргаж буй цагдаагийн алба хаагчдын үйлдлийг харсан иргэд “Цагдаа цадигаа алдлаа. Монголд дарангуйлал тогтлоо” гэж шүүмжилж байгаа юм.

Тухайлбал, У.Хүрэлсүхийн тангараг өргөх үеэр Д.Амартүвшин "Халдвар хамгааллын дэглэм баримтлахгүй, өдөрт 10 гаруй хүн үхэж байхад энэ үйл ажиллагаагаа зогсоо" хэмээн орилсон тул цагдаа түүнийг саатуулсан гэж буй. Мөн Э.Одбаяр талбай орж, үзэл бодлоо илэрхийлэхээр гэрээсээ гарч явахад нь энгийн хувцастай цагдаа нар түүнийг баривчилсан байгаа юм. Харин түүнээс байцаалт авсан цагдаа “Сүхбаатарын талбай биш, гэрийнхээ гаднаас баривчлагдаад цагдаагийн хэлтэст ирсэн гэхэд нь мэл гайхсан” гэдэг.

Энэ мэтээр үзэл бодлоо илэрхийлсэн иргэний эрхэнд халдсан, хүч хэрэглэсэн үйлдэл сүүлийн өдрүүдэд олон гарч иргэдийн бухимдлыг “цагдаа” гэх ажил үүргийн эсрэг чиглүүлээд байна. Цаашлаад цагдаа иргэдийн эрхэнд халдсан байж болзошгүй үйлдэл нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, эрх барьж буй МАН-ын нэр хүндэд муугаар нөлөөлж байна гэж тус намын ихэнх гишүүд ярих болжээ.

-АЛБА ХААГЧ БУРУУГҮЙ ҮҮРЭГ ӨГСӨН АЛБАН ТУШААЛТНУУД БУРУУТАЙ ЮУ-

Мөн энэ долоо хоногт Т.Бат-Оргил цагдаагийн зарим алба хаагчдад хандаж, “Та бүхэн дээрээ байгаа удирдлагуудынхаа албан шаардлагаар явж байгааг ойлгож байна. Би Үндсэн хуульд л захирагдана. Баривчлагдах бол баривчлагдъя. Шоронг нь дүүртэл нь сууцгаая. Хэдэн хүнийг хорьж чадах нь үү энэ төр засаг харцгаая” гэсэн юм.

Үнэндээ иргэдийн эрхэнд халдсан байж болзошгүй, тэдний бухимдлыг төрүүлээд буй цагдаагийн алба хаагчдын үйлдэл нь тушаал өгсөн удирдлага болон Хууль зүй дотоод хэрэг /ХЗДХ/-ийн сайд Х.Нямбаатар, Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/-ын дарга Ж.Болд нарын хүний эрхийн мэдлэг, мэдрэмжгүй байдалтай холбоотой байх талтай гэж зарим иргэд шүүмжилж байгаа юм.

Сануулахад, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Х.Нямбаатар аа чам шиг төлгөн коммунистад хариуг нь дандаа өгч байх болно” гэж мэдэгдэж явсан удаа бий. Үнэндээ Б.Пүрэвдоржийн хэлсэнчлэн коммунист аргаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлсэн иргэдэд хүч хэрэглэсээр байвал Нийгмийн сэтгэл зүй “дарьтай торх” мэт оволзож, юунд ч хүргэж мэдэхийг сүүлийн өдрүүдэд болсон жагсаал цуглаанаас харж болохоор байна.