Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан: Би бусдад зодуулаагүй

2021-06-18 13:49

ТОДРУУЛГА: Баян-Өлгийн засаг дарга Д.Бауыржаныг УИХ-ын гишүүн асан Г.Солтаны төрсөн дүү зодсон нь ҮНЭН

Өнгөрөгч долоо хоногийн Лхагва гараг /2021.06.09/-т болж өндөрлөсөн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх ялалт байгуулсан. Харин түүний ялалтыг Баян-Өлгийн аймгийн засаг даргаД.Бауыржан нэр бүх хүмүүстэй тэмдэглэж, энэ үеэрээ бусдад зодуулж,  гэмтэл авсан байж болзошгүй талаар бид мэдээлсэн билээ.

Харин энэхүү мэдээллийн дараа Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржанманай редакц руу холбогдож, “Бид нар архидан согтуурч зодоон хийгээгүй. Намайг Засаг дарга болсоноос хойш нэг нууц хаягнаас дарамталж, гүтгэж байгаа. Өөр хүний хөхөрч, няцарсан биений зургийг тавьж, намайг мэтээр бичиж байгаа” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Тэгвэл тус үйл явдлыг гэрчилж магадгүй, баталгаатай эх сурвалж, “Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржаныг УИХ-ын гишүүн асан Г.Солтаны төрсөн дүү, УИХ-ын гишүүн Т.Аубакарын үеэл одоо Барилгын хөгжлийн төвд ажилладаг Г.Ыбырай зодсон нь үнэн. Тус хэрэг явдал болсны дараа засаг дарга Д.Бауыржан надтай холбогдож, энэ талаар ярьсан” гэсэн тайлбарыг өглөө.

ЖИЧ: Харин энэ хэрэг явдлын талаар дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад өгөөгүй аж. Иймд бид төрийн хариуцлагатай албан тушаал хашиж буй зарим иргэдийг “ёс зүйтэй” байж, хэвлэл мэдээллийн байгууллагуудад үнэн зөв мэдээллийг өгч байх хэрэгтэй гэдгийг сануулж тус мэдээллийг нийтэллээ.

2021-06-18 11:49

Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан: Би бусдад зодуулаагүй

Баян-Өлгий аймгийн удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх ялсны баярыг тэмдэглэж байгаад архидан согтуурч улмаар биенээ гэмтээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр УИХ-ын нэр бүхий гишүүний дүү нар нийлж тус аймгийн засаг дарга Д.Бауыржаныг зодсон байж болзошгүй байгаа юм. 

Тус мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. Тэгвэл Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан бидэнтэй холбогдож дараах тодруулгыг өглөө. Тэрбээр "Манай аймагт коронавирусын халдвар тархаж нөхцөл, байдал амаргүй болсон учир бид завгүй ажиллаж байна.

Бид нар архидан согтуурч зодоон хийгээгүй.

Намайг Засаг дарга болсоноос хойш нэг нууц хаягнаас дарамталж, гүтгэж байгаа. Миний нэрээр нээсэн нууц хаягнаасаа намайг нууц амрагтай, хууль бусаар төрийн эрх авсан, бусдад зодуулсан гэх мэтээр бичиж, худал мэдээлэл түгээж байна. Эхнэрийн маань талаар ч бас худал мэдээлэл түгээсэн. Би аймгийн цагдаагийн газарт хандсан бас кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Тагнуулын байгууллагад өргөдөл гомдол гаргасан. Сүүлийн нэг жилийн хугацаанд энэ үйлдэл давтагдаж байна. Өөр хүний хөхөрч, няцарсан биений зургийг тавьж, намайг мэтээр бичиж байгаа" гэлээ. Бидний хувьд эх сурвалжийн өгсөн мэдээллийн дагуу дээрх мэдээг нийтэлсэн бөгөөд тэнцвэртэй, хоёр талын байр, суурийг хүргэх үүднээс түүний тодруулгыг ийнхүү хүргэлээ. 

2021-06-18 07:38

УИХ-ын нэр бүхий гишүүний дүү нар нийлж Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржаныг зодсон уу

Баян-Өлгий аймгийн удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх ялсны баярыг тэмдэглэж байгаад архидан согтуурч улмаар биенээ гэмтээсэн гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар нэр бүхий УИХ-ын гишүүний дүү нар нийлж тус аймгийн засаг дарга Д.Бауыржаныг зодсон байж болзошгүй байна.

Зодоон болох үед М, А гэх залуус байсан бөгөөд нэр бүхий УИХ-ын гишүүн ч тэдэнтэй хамт байсан гэх. Баян-Өлгий аймгийн залуусын хэлж буйгаар УИХ-ын гишүүний удмынхан буюу дүү нар нь нийлж Засаг дарга Д.Бауыржаныг зодсон байна. Үүнээс болж Засаг дарга Д.Бауыржаны нүүр болон бие нь зөөлөн эдийн гэмтэл авч одоогоор ажилдаа ирэхгүй байгаа гэж эх сурвалж хэлж байна. Тэд сонгуулийн үр дүн гарснаас эхлэн баяр тэмдэглэж улмаар архидан согтуурсан гэх нөхцөл байдал байгаа юм. Бид мэдээллийн мөрөөр зарим эх сурвалжуудтай холбогдсон бөгөөд уг зодооны хэргийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт мэдэгдээгүй байгаа аж.

Тус нутгийнхан ярихдаа Засаг дарга Д.Бауыржан намынхаа өөр фракцынханд хандан агсам тавьсан. Үүнээс үүдэн маргаан болсон бөгөөд зодоон үүссэн. Зодооны дараа нэмж залуус ч ирсэн гэх. Дашрамд дурдахад, 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр УИХ-ын гишүүн Х.Баделханы бие хамгаалагч Ардчилсан намын гишүүн залууг хутгалж хүнд гэмтээсэн хэрэг гарсан билээ.