ГЭМТ ХЭРЭГ: Нярай хүүхдээ хогийн бункерт хаясан ээжид нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ

ГЭМТ ХЭРЭГ: Нярай хүүхдээ хогийн бункерт хаясан ээжид нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ

Эцэг, эхийн анхаарал болгоомжгүй байдал, гэнэтийн аюул ослоос болж бага насны маш олон хүүхэд цаг бусаар хорвоог орхисоор байна. Тэр тусмаа сүүлийн үед бага насны хүүхдийг харгалзах хүнгүй, гаднаас нь цоожлон гэртээ үлдээсний улмаас гал түймэрт өртөж, амиа алдах, нярай хүүхдээ хэвтээ байдлаар хөхүүлж байхдаа “хөхөөрөө дарж, амьсгалыг нь боогдуулах” гэх мэт харамсалтай хэрэг явдлууд ихээр гардаг.

Үүнээс гадна эцэг, эхийн санаатай үйлдлийн улмаас ч зарим бяцхан амь хорвоог орхисоор байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “дөнгөж төрсөн нярай хүүхдээ хогийн бункерт хаяжээ, нярай хүүхдээ автомашин дээр орхижээ” гэх сэтгэл эмзэглэм мэдээллүүд ихээр гарах болсон. Тиймээс дээрх хэрэгт гэмт этгээдүүдэд ямар хуулийн хариуцлага ногдуулдаг талаар бид доорх мэдээллийг сэрэмжүүлэг болгон бэлтгэлээ.

-ХҮСЭЭГҮЙ ЖИРЭМСЛЭЛТЭЭС БОЛЖ ХҮҮХДЭЭ ДУТУУ ТӨРҮҮЛЭЭД ХАЯСНЫГ ХОГ АЧИЛТЫН ХҮМҮҮС ОЛЖ ЦАГДАА ДУУДЖЭЭ-

Дээрх төрлийн хэрэг он гарсаар цагдаагийн байгууллагад хэд хэдэн удаа бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн нэг нь шүүхээр шийдэгджээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт амьдардаг 28 настай, эмэгтэй Б нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдийнхээ амь насанд хүрсэн гэх үндэслэлээр шүүхээр шийтгэгдсэн байна.

Энэ талаар эх сурвалж мэдээлэхдээ “тухайн эмэгтэй нь зургаан сартай байсан хүүхдээ гэрийнхээ ариун цэврийн өрөөнд төрүүлээд, хүүхдээс дуу шуу гарахгүй байсан тул айж цочирдсондоо хогийн уутанд хийж хаясан байсан. Хүсээгүй жирэмслэлтээс болж тэгсэн байж болзошгүй.

Харин хог ачилтын хүмүүс хүүхдийг нь хоёр байрны голд байрлах хогийн контейнейрээс олоод цагдаа дуудсан юм билээ. Хүсээгүй жирэмслэлт байсан болохоор хэнд ч хэлэхгүй нууж байгаад авхуулна гэж бодож байсан ч, авхуулах хугацаа нь хэтэрчихсэн байсан гэсэн” мэдээллйг өгсөн юм.

Харин тус нярай эхийн хэвлийгээс гарахдаа амьд байсан ч яаралтай хуурай даавуунд ороож, эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас амиа алдсан байж болзошгүй аж. Учир нь дөнгөж төрсөн нярай нь арьсны өөхөн давхарга багатай тул маш хурдан дулаан алддаг. Өөрөөр хэлбэл тасалгааны хэмд ч гэсэн осгож нас барах боломжтой. Тиймээс яаралтай хуурай даавуунд боож, дулаахан байлгах шаардлагатай байдаг байна.

-ТУХАЙН ЭХЭД НЭГ ЖИЛИЙН ТЭНСЭН ХАРГАЛЗАХ ЯЛ БОЛОН СОГТУУРУУЛАХ УНДАА, МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ-

Энэ төрлийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эх нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан” гэмт хэргийн шинжтэй гэж үздэг байна. Харин шүүгдэгч Б-г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэжээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдсэн байна.

Харин хуульд заасны дагуу зарим тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзээд хөнгөрүүлэх нөхцөлгүй бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.