Б.Пүрэвдорж: Н.Энхбаяр дарга аа, анхааралтай байгаарай. Таныг хулхидах гэж байна

Б.Пүрэвдорж: Н.Энхбаяр дарга аа, анхааралтай байгаарай. Таныг хулхидах гэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл буюу Сонгинохайрхан дүүрэг, УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд товлох тухай асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн 51.5 хувийн саналаар дэмжлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Мөнгө хэмнэх үүднээс Ерөнхийлөгчийн сонгууль, СХД-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг хамтад нь явуулна гэж ойлгосон. Хэрвээ тусдаа хийсэн тохиолдолд нэг тэрбум төгрөгийн зардал гарна гэсэн үнэн үү. Яагаад тусдаа хийхээр болчихов оо. Хэрвээ тусдаа зохион байгуулж байгаа бол өмнө нь тавьж байсан шалгуураа тавимаар байна. Өнөөдөр эрх барьж байгаа нам хэзээ, хэнийг дэвшүүлэх вэ гэдгээ шийдэж байна. Нэр дэвшээд УИХ-ын гишүүн болсон хүн өөрийнхөө саналаар дарга болоод явсан. Гэтэл тэр болсон дарга нь нийслэлчүүдийг самарч байна. Хэн нэгэн хариуцлага хүлээхгүй юм уу даа. Боловсон хүчний арвин нөөцтэй гээд байдаг МАН хүнгүй юм уу. Нөгөө талдаа их хэмжээний санхүүжилт гаргах болж байгаа шийдвэрт хэн хариуцлага хүлээх юм бэ. МАН хариуцлага хүлээхгүй юм бол тэр хүндээ хариуцлага хүлээлгэ л дээ" гэсэн юм. 

СЕХ-ын дарга П.Дэлгэрнаран "Хоёр сонгуулийн санал хураалтыг нэг өдөр хийхээр зохион байгуулсан. Гол нь зардал хэмнэе гэж ярьж байсан. Хамтад нь нэг өдөр зохион байгуулахаар зардал хэмнэгдэнэ. Хоёр тусдаа хуулиар, хоёр өөр зохицуулалттай сонгуулийг хамтад нь зохион байгуулах хүндрэлтэй. Техникийн хүндрэл үүсч байгаа. Санал тоолох төхөөрөмж болон иргэдийн мэдээллийг унших төхөөрөмжийн хүрэлцээ муу байгаа. Тиймээс саналын дүн гаргахад хүндрэл, эрсдэл үүсэх магадлалтай байна гэдэг үүднээс тусад нь явуулах саналаа ирүүлсэн" гэж хариулав. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг  "Тусдаа явбал ямархуу зардал гаргах вэ. Би хувьдаа тусдаа явуулах нь зөв гэж бодож байгаа. Яагаад гэхээр сонгууль чинь мөнгө л боллоо. УИХ-ын хэд нийлж байгаад Сонгуулийн хуулиараа их мөнгө гардгийг болиулж болмоор байгаа юм. Гэхдээ хүсэхгүй л байна. УИХ-ын нөхөн сонгуулийн асуудлыг хуулиараа шийдчихмээр л байна. Ор гарсан тохиолдолд тухайн намаас хүн орж ирж байдаг. Улс орон туйлдаж гүйцлээ" гэлээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10 болгон хойшлуулж байгаа нь цэвэр улс төрийн шалтгаантай. Н.Энхбаяр дарга аа, анхааралтай байгаарай. Намынхаа 100 жилийн ойгоор та сэтгэл гаргаад хоёр намыг нэгтгэе. С.Ганбаатарыг нэр дэвших эрхгүй болгоод хойш тавья. Нөхөн сонгуулиар нэр дэвших эрх авах асуудал ярьж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг дэвшүүлэхээ болиулж, сонгуулиа зохион байгуулчихаад нөхөн сонгуулийг намар болгон хойшлуулж байгаа нь таныг хулхидах гэж байгаа юм. Тиймээс нэгдэх үйл явц дээрээ бодолтой, хариуцлагатай байгаарай гэж Н.Энхбаяр даргад хэлье. Энэ МАХН-ын эсрэг хийж байгаа үйлдэл гэдгийг анхааруулъя.